Ц.Даваасүрэн: Хөдөө хотгүй хэл ам дагуулж байгаа учраас нэг удаа нэг цонхоор газраа олгоё гэж байгаа юм

2023-10-20

УИХ-ын чуулган өнөөдөр  хуралдаж байна. Чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын       сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн,  нэг дэх хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Г.Тэмүүлэн танилцуулсан.

УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүд Г.Ганболд:

-Төсвийг дагаад 21 хууль, 7 УИХ-ын тогтоол орж ирсэн байна. Сүүлийн үед хэлэлцэж байгаа хуулиудаар орон нутгийн эрхийг хумьсаар байгаад эрх мэдэл нь байхгүй болж байна. Томилгоог нь босоо болгосоор байгаад муу ажиллаж байна гэж голдог боллоо. Газартай холбоотой ганц том эрх байдаг. Газрын хуулийн 18.1.10 заалтад орон нутаг аймаг сум газар олгож чадахаа болих нь ээ. Шинэ хуулиар бүх орон нутгийн газрыг Засгийн газар олгодог болж байна. Ингэхээр яаж хөгжих юм бэ. 2024 оныг хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжиж, орон сууц барина гэчихээд Газрын хуульд хориглосон байна.

Биржийн хууль байна. Өчнөөн ажил болж, байгалийн баялгаа биржээр нүүрсээ зарж эхэлсэн. Гэтэл хуулийн заалтаар стратегийн орд эзэмшигч УИХ-ын шийдвэрийн дагуу 10.2 заалт хамаарахгүй гэж заасан байна. Олон улсын гэрээ нэрээр гэрээ хийсэн байгууллагуудад биржийн үнээр нийлүүлэхээ болих нь ээ. Яг ямар үнэ баримтлах юм бэ?

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн:

-Газартай холбоотой нэг асуудал бол төлөвлөлтийн дагуу олгохгүй байна гэж. Төлөвлөлтийн дагуу газрыг нэг байгууллага олгоё гээд Засгийн газрын харьяа агентлаг олгох юм. Төлөвлөлтөө аймаг, нийслэлийн ИТХ батална. Нэг удаа ингээд үзэхэд гэмгүй байх. Хөдөө хотгүй хэл ам дагуулж байгаа учраас нэг удаа нэг цонхоор газраа олгоё гэж байгаа юм. Салбарын сайдын хувьд үүнийг зөвшөөрч байна. Жишээлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлтөөр Яармаг дээр ТОСК-иас газар чөлөөлсөн чинь дүүрэг тэнд газар олгочихож байгаа юм. Олон газар дураараа газар олгохоо болих хуулийн төсөл юм. Хуучин байснаараа сайжрахгүй байна.

Холбоотой мэдээ