Боловсролын яам сурагчдын үдийн хоолны зардлыг 3,000 төгрөг болгон нэмэгдүүлэх санал гаргажээ

2023-10-20

Сурагчдын үдийн хоолонд нэг ам.доллар зориулахад эрүүл мэндийн салбарт есөн ам.долларын зардлыг хэмнэдэг хэмээх тооцооллыг Дэлхийн Хүнсний Хөтөлбөр(WFP)-өөс гаргажээ. Манай улсын хувьд 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолонд 1,500 төгрөг зарцуулж байгаа нь нэг ам.доллар байтугай 50 цент ч хүрэхээргүй дүн юм.

Ийм мөнгөн дүнд хүүхдүүдэд аль болох шим тэжээлтэй хоол бэлтгэх нь тогооч, сургуулийн хоол зүйчдийн хувьд амаргүй даалгавар. Өдрөөс өдөрт хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөн нэмэгдсээр байгаа энэ үед даалгавар нь улам хүндэрч байгаа нь тодорхой.

Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид 380 гаруй мянган хүүхэд суралцаж байна. Боловсролын ерөнхий хуулийн дагуу төрийн өмчийн сургуулиудын бага ангид суралцаж буй хүүхдүүдийн үдийн хоолны мөнгийг төсвөөс гаргах учиртай. Үүнд жилд дунджаар 70 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас өгсөн мэдээллээр өнгөрсөн хичээлийн жилд сурагчдын үдийн хоолонд 72 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол ирэх оны улсын төсөвт 74.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх саналаа өгчээ. Ингэхдээ нэг хүүхдийн үдийн хоолны зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх буюу 3,000 төгрөг болгохоор тус яамнаас санал гаргажээ.

УИХ-ын гишүүд үүнийг дэмжвэл ирэх оноос эхлэн сурагчдад шим тэжээлтэй хүнс хэрэглүүлж, хоногт авбал зохих илчлэгийнхээ 35 хувийг үдийн хоолноосоо авах зорилтод нийцэх боломжтой болно.

Ирэх оны улсын төсвийн төслийг Сангийн яам УИХ-д есдүгээр сарын 29-нд өргөн барьсан. Өчигдөр эхний хэлэлцүүлэг нь болсон бөгөөд төсвийн төслийг УИХ-ын чуулганаар нийт гурван удаа хэлэлцэх бөгөөд энэ үед төсөвт тодорхой хэмжээгээр өөрчлөлт орох боломжтой ажээ.

Холбоотой мэдээ