Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгохыг Сангийн сайд ярилцъя гэсэн

2023-10-20

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд өчигдрөөс хэлэлцэж эхэлсэн 2024 оны Улсын Төсвийн тухай хуулийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газар дараа оны төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихдаа Төрийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат онцолж байсан юм.

Мөн төсөвт үзүүлэх гадаад өрийн ачааллыг бууруулж төлөвлөлтийг сайжруулах, улсын хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцсэн, зөвхөн төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаж байхыг мэдэгдсэн.

Тиймээс Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх санал хураалтыг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болоод байсан билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг Сангийн сайд ярилцъя гэсэн учраас үргэлжлүүлэхээр боллоо” хэмээн мэдэгдлээ.

Нийтийн өргөдөл, гомдлын систем нээлтээ хийгээд буй. Эхний саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтын хэмжээ 2% байгааг 5% болгон нэмэгдүүлэх асуудлаар оруулсан. 30 хоногийн дотор уг саналыг 100,000 хүн дэмжвэл хуулийн төсөл санаачлах боломжтой юм.

Түүний санал гаргаж олон нийтээс санал авч байгаа уг асуудлыг Сангийн сайд Б.Жавхлан ямар ч боломжгүй асуудал, сонгуульд зориулсан санаа хэмээж байсан ч ийнхүү бууж өгсөн бололтой.

Холбоотой мэдээ