Б.Энхбаяр: Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 нас хүрээгүй хүүхэд байна

2023-10-11

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар танилцуулж, мэдээлэл хийлээ.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлэл түгээхдээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид асуудалд нухацтай, шүүлтүүртэй хандахыг хүсч байна. Миний бие гэмт хэрэг, зөрчлийн улсын статистик мэдээлэлтэй өдөр бүр танилцдаг. Өнөөдрийн байдлаар 7 хоногийн мэдээгээр гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдсэн нь сэтгэл түгшээж байна.

Амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн. Сэтгэцийн гэмтэлтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх сэдэл болдог бөгөөд гэмт хэргийн тоо өсөхөд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь олон нийтийг түгшээж байна. Тодорхой гэмт хэргийн талаар аль болох ёс зүйтэй ажиллахыг хүсч байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуулийн ялын бодлогод ямар нэмэлт өөрчлөлт орсон талаарх мэдээллийг танилцуулъя.

Бүх насаар хорих ял ногдуулахаар заасан хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож байгаа. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг гэсэн хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна. Хоёрт, бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй.

Гуравт, сая дурдсан дөрвөн гэмт хэрэг болон бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх хэрэгт хорих ялыг хугацаанаас өмнө суллахгүй. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгоно. Энэ ялын бодлогыг чангаруулж байгаа асуудлыг нэг тохиолдлоор, сэтгэл хөөрлөөр хийгээгүй.

Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь  18 нас хүрээгүй хүүхэд байна. Хүчиндэх гэмт хэргийг хохирогчдын гурван хүн тутмын хоёр нь хүүхэд байна” хэмээн мэдээллээ.

Холбоотой мэдээ