Нүүрсний хянан шалгах түр хорооны даргаар Б.Энхбаярыг сонгов

2023-10-11

Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо өчигдөр хуралдсан.

Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар тус Хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаа танилцуулав. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж,  тогтоол батлагдав.

Дараа нь Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталлаа. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно…” гэж заасан байдаг. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь тус саналыг дэмжсэн тул “Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай” түр хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтаар тус тогтоол батлагдаж, Б.Энхбаяр гишүүн Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ