Монгол Улсын Соёлын яам, ОХУ-ын Соёлын яам хооронд 2022-2024 онд хэрэгжүүлэх соёлын хөтөлбөрийг 2021 онд байгуулсан. Энэ хүрээнд музей, дүрслэх урлаг, номын сан, соёлын дурсгалыг хадгалах, хамгаалах, соёлын салбарын боловсон хүчнийг бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэхүү уулзалтаар хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ярилцсан байна.
ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Монголын нутгаас буюу “Ноён” уулаас олдсон Хүннүгийн үеийн олдвор, эд өлгийн зүйлсийг хамтран судлах, эдгээр олдворуудаар “Эрмитаж” музейд байнгын үзэсгэлэн гаргах, Монголд хамтарсан үзэсгэлэн гаргах, үзмэрүүдийн хуулбарыг авах болон зарим үзмэрүүдийг Чингис хаан Үндэсний музейд хүлээлгэж өгөх зэрэг ажлууд дээр хамтран ажиллах санал гаргажээ.
Элчин сайд А.Н.Евсиковын зүгээс ОХУ-ын их, дээд сургуульд суралцах монгол оюутнуудад олгох хамтарсан тэтгэлгийг бий болгож болохыг дурдсан байна.
Түүнчлэн, хил залгаа орон нутгийн театрууд хооронд туршлага солилцох, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх, соёлын салбарын нарийн мэргэжлээр ОХУ-ын их, дээд сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.