Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 32 хувийн хүү төлж барьсан ч мухар бас далий болсон асуудал хөндөгдлөө

2023-10-10

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг сонслоо. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин энэ үеэр жилийн 32 хувийн хүү төлж барьсан төмөр зам нь мухар бас далий болохыг онцлоод, гэрээг нь өөрчилж хүүг буулгах арга чарга байдаггүй юм уу гэж асуулаа. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хариулахдаа боломжгүй гэв.

Тэрбээр “Оффтейк гэрээтэй төмөр замын төслүүд тухайн үедээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрт үндэслэж байгуулагдсан юм билээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа энэ оффтейк гэрээг өөрчилье,  гэдэг асуудлыг удаа дараа “Бодь”-д тавьсан. Ам нөхцөлтэй гэрээг хил нөхцөл рүү шилжүүлье, хэлэлцээрт оръё гэдэг асуудлыг тавьсан.

Тэдний зүгээс “нэгэнт байгуулагдсан гэрээн дээр дуусах шатандаа орсон байхад энэ асуудлыг босгож тавих байсан бол бид энэ гэрээг хийх байсан уу” гэдэг асуудал ярьдаг. Ийм учраас бид хугацаа нь дуусгавар болсон гэрээг л цуцлаад явсан” гэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бариулахын тулд  “Бодь интернэшнл” групптэй оффтейк гэрээ байгуулсан. Уг төмөр замын ажлын гүйцэтгэл 82 хувьтай. Гүйцэтгэгч компанийн хувьд 800 гаруй сая ам.долларыг зарцуулсан гэж тайлбарладаг. Мөн төрөөс авах авлага нь 225 сая ам.доллар үлдсэн гэх.

Тавантолгой-Гашуунсухайт  чиглэлийн төмөр замыг барихын тулд гүйцэтгэгчтэй оффтейк гэрээ байгуулж, өндөр дүнгээр төмөр зам бариулж, Эндээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хохирол учруулсан гэдэг асуудал хөндөгддөг билээ. Үүнээс гадна уг төмөр зам мухар. Хятадын талаас тавьсан төмөр замтай холболтын цэг нь зөрсөн гэх асуудал хөндөгддөг. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох яамд холболтын төмөр зам барих асуудлыг судалж байгаа. Ирэх жил барих төлөвлөгөөтэй байгаа хэмээн Зам тээврийн сайд өчигдөр ярина билээ.

Холбоотой мэдээ