Х.Нямбаатар: Нийслэлийн том данхар бүтцийг багасгаж, хуулийн багтай болно

2023-10-09
Нийслэлийн Засаг даргаар томилогдох гэж байгаа Х.Нямбаатараас хэрхэн ажиллах талаар асуусан сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариуллаа.

Х.Нямбаатар “Нийслэлийн том данхар бүтцийг багасгах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх мөн урсгал зардлыг хэмнэж хэмнэсэн төсөв болгоныг газар чөлөөлөлт рүү тавих ёстой. Эдгээрийг хийхэд Нийслэлийн эрх зүйн байдал түүнийг дагасан хуулиудыг боловсруулдаг хуулийн баг хэрэгтэй. Иймд би албан ёсоор томилогдвол Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд хамт ажиллаж байсан зарим хүндээ хамтрах санал тавина гэж бодож байгаа.

Анх удаа бонд гаргах гэж байгаа юм билээ. Бондын мөнгийг юунд, хэзээ зарцуулах вэ гэдгээс шалтгаалж энэ шийдвэрийг эргэж харах хэрэгтэй. Яагаад гэвэл Сэлбийн далан дагасан босоо замыг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн дуусаагүй барилгуудыг дуусгах зорилго агуулагдаж байгаа. Иймд бондын цан цохисон өдрөөс эхлээд хүүтэй мөнгө тоологдох учраас хэзээ барилга угсралтын болон замын ажил хийгдэх санхүүжилт шаардлагатай вэ гэдгийг харж байж гаргах нь зөв байх гэж хувьдаа бодож байна.

Автобусны асуудлын тухайд Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхантай энэ асуудлаар ярилцсан. Ногоон автобуснуудаас гадна цахилгаан автобус ороод ирчихсэн байгаа юм байна. Гааль дээр татвар төлөгдөөгүй автобуснууд байна.

Энэ бүгдийг эргэж хараад худалдан авах ажиллагааг яаж цуцалж хүчингүй болгох асуудлыг хууль эрх зүйн хувьд гаргалгаа гаргаж байж дараагийн ээлжид ямар автобуснуудыг хурдан хугацаанд худалдан авч түгжрэлийг бууруулахад ашиглана. Нийслэл хотод худалдан авахтай холбоотой харилцаанд нууцлал гэх ойлголт хэрэгжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаа.

2022 онд батлагдсан Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулиар нийслэлийн төсөвт аж ахуй нэгж байгууллагууд нийтлэг үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмжүүдийг шууд худалдан авах эрх зүйн орчныг нээж өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлэх, худалдан авалтыг нээлттэй ил тод явуулах зэргийг бодож системтэй явах хэрэгтэй юм билээ.

Яг одоогийн байдлаар улс төрийн шийдвэр гарснаас биш ажил аваагүй байгаа учраас албаны тоо баримт мэдээллүүдтэй танилцаж амжаагүй байна. Өмнө нь ярихад арай эрт байна” гэлээ.

Холбоотой мэдээ