Эрүүгийн 2 хэрэгт нийт 26 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

2023-10-09

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 839 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн 2 мэдэгдэл холбогдох байгууллагад хүргүүллээ. Эрүүгийн 2 хэрэгт нийт 26 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Ж” нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;
  • Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байцаагч “Ц” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Хөвсгөл аймгийн удирдах албан тушаалтан “И”, “М” нар нь бусдад давуу байдал бий болгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх;
  • “Г” нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Яллагдагч “Г” нь  Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа “С”, “Н” нараас хахууль авсан гэх
  • “С” нь Экологийн цагдаагийн албаны цагдаагаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдах албан тушаалтан “Т”, “М” нар нь Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • “Г”, “Б” нар нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Холбоотой мэдээ