“Ханжоу 2022”-аас Монголын баг 21 медаль хүртэж, чанараараа 22-т эрэмбэлэгдлээ

2023-10-09

БНХАУ-д болсон “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын хаалтын арга хэмжээ өчигдөр орой болов. Есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилсэн наадамд Азийн 50 гаруй орны тамирчид 40 спортын төрлөөр 482 багц медалийн төлөө өрсөлдсөн.

Монголын баг 34 спортын төрөлд 402 тамирчин, 118 дасгалжуулагч болон арын албаны хүн нийт 520-уул оролцлоо.

Баг тамирчид жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, жюү жицү, 3х3 сагсан бөмбөг, кураш, дугуй, байт харваа, и спортын дота2 нийт спортын 10 төрлөөс 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар 22 дугаар байрт, медалийн тоогоор 15 дугаар байрт шалгарсан.
  • Байт харвааны сонгодог харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд аваргын алтан медаль хүртсэн нь Монголын харваач Азийн наадмын түүхэнд анхны тэр дундаа алтан медаль хүртсэн амжилт болж тэмдэглэгдэв.
  • 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгө, и-спортын дота2-ын баг мөнгөн медаль хүртсэн нь багийн спортоор авч буй анхны медалиуд боллоо.
  • Б.Энххүслэн Монголын усанд сэлэгчдээс Азийн наадмын түүхэнд анх удаагаа финалд шалгарч түүхэнд бичигдсэн.
  • 1990 оноос хойш тасалдаад байсан засмал замын дугуйн спортын медалийг 33 жилийн дараа С.Жамбалжамц хүрэл өнгөөр дахин сэргээн авчирлаа.
  • “Ханжоу 2022” Азийн наадмын тавцанд Монголын хөнгөн атлетикчид хоёр үндэсний дээд амжилтаа тогтоосон бол усанд сэлэгчид нийт 11 үндэсний амжилтаа шинэчиллээ.
  • “Ханжоу 2022” Азийн наадмын кураш, жюү жицү, волейбол, чөлөөт бөх, жүдо, ширээний теннис, софт теннис, хүндийг өргөлт, таэквондо, бокс, хөлбөмбөг, триатлоны нийт 12 спортын төрлийг Монголын 13 шүүгч дэнсэлсэн юм хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ