Нобелийн утга зохиолын шагналыг Норвегийн зохиолч Юн Фоссэ хүртэв

2023-10-06
Норвегийн зохиолч Юн Олаф Фоссэ 2023 оны Нобелийн утга зохиолын шагналыг хүртлээ. 64 настай Ю.Фоссэ Норвегийн Бергений их сургуулийг утга зохиолын мэргэжлээр төгссөн бөгөөд анхны зохиол “Raudt, svart” (Улаан, хар) нь 1983 онд хэвлэгджээ.
Тэрбээр долоон настайдаа сонсголгүй болох шахсан нь хожмын зохиол бүтээлд нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. Үргэлжилсэн үгийн зохиолоос гадна жүжгийн зохиолоороо ихээхэн алдаршсан, мөн яруу найраг, хүүхдийн зохиол, эссе бичдэг. Анхны жүжиг нь тайзнаа 1994 онд тавигдсан байна.
Ю.Фоссэ 2003 онд Францын Хүндэт легионы одон хүртсэн бол 2007 онд Английн “The Daily Telegraph” сониноос шалгаруулсан “Орчин цагийн амьд сэрүүн 100 суутан”-ы 83 дугаарт бичигдэж байв. 2011 онд Норвегийн хаан түүнд Осло хотын төв дахь Хааны ордны Гроттэн харшид байнга оршин суух эрх олгож байжээ. Энэ нь Норвегийн соёл урлагт оруулсан онцгой хувь нэмрийг үнэлэн олгодог өндөр хүндэтгэл юм. Ю.Фоссэ зохиол бичихээс гадна уран зохиолын орчуулга хийдэг байна.
Тэрбээр гурван удаа гэрлэсэн, зургаан хүүхэдтэй бөгөөд одоо словак үндэстэн эхнэртэйгээ Австрид амьдардаг ажээ

Холбоотой мэдээ