Х.Булгантуяа: Төрийн өмчийн 650 сургуулиас 560 нь гаднаа камертай, огт камергүй 90 сургууль байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Монгол Улсын хүн ам 3.5 сая болж өмнөх оноос 1.4 хувиар өсч, нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 хувь буюу 1.3 сая хүүхэд байна.

Монгол Улсад 2022 оны байдлаар 941.5 мянган өрх бүртгэгдэж, өмнөх оныхтой харьцуулахад 2.3 хувиар өсчээ. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65 мянга 90 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн нь амаржсан эх өмнөх оныхоос 8.5 хувиар, хүүхдийн тоо 8.1 хувиар тус тус буурсан байна.

Энэ хичээлийн жилд 1413 цэцэрлэгт 266024 хүүхэд, төрийн болон хувийн өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 746405 хүүхэд суралцаж байна.

Төрийн өмчийн 72, төрийн бус өмчийн 22 сургууль автобустай байгаа нь хүүхэд сургууль, гэр хоёрын хооронд аюулгүй зорчиход тулгамдсан асуудал болж байна. Иймээс автобусны тоог нэмэх шаардлагатай.

Төрийн өмчийн 650 сургуулиас 560 нь гаднаа камертай, огт камергүй 90 сургууль байна. Ерөнхий боловсролын 61 сургууль огт камергүй. Сургууль доторх аюулгүй байдлыг хангахаас гадна сургуульдаа очиж, ирэх зам харгуйн аюулгүй байдлыг хангах учиртай.

Бүтэн өнчин 2911, хагас өнчин 36363, үрчлэгдсэн хүүхэд  1478 байна. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344 хүүхэд буюу нийт хүүхдийн 35.4 хувь байна.

Хүнсний эрхийн бичигт 76063 хүүхэд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгож байна.

Улсын хэмжээнд 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээний төв ажилладаг. 37 хамтарсан багт 608 гишүүн ажиллаж байна. Харин хүүхэд хамгааллын чиглэлээр тулгамдсан асуудлын тухайд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн зүгээс үйлдэгдэж байна. 2023 оны есөн сарын байдлаар хүүхдийн хамгааллын утсанд 78,300 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Хүүхэд хамгааллын цэгүүд, түр хамгаалах байрууд гэх мэтчилэн хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зардал нийт төсвийн 50 хувийг эзэлж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийн санг хөгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд хууль, эрхзүйн шинэчлэлийн хүрээнд гарсан ахиц дэвшил цөөнгүй байна. Салбар бүр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр анхаарч ажиллах шинэ хандлага, хамтын ажиллагаа бий болсныг энд дурдах нь зүйтэй.

Хүүхэд, гэр бүлийн салбарт мөрдөгддөг 50 гаруй дүрэм журам, стандартыг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ 2016 онд баталсан. Хүүхдийг тусгай хамгаалалтаар хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Зорчигч хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор UBcab такси үйлчилгээний компанитай хамтран ажиллаж, хууль тогтоомжийн дагуу такси үйлчилгээг камержуулах ажлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлнэ. Монгол Улсын нийт хүн амын 36 хувийг бүрдүүлж хүүхдүүдийг хамгаалах асуудалд бүх нийтээрээ анхаарах ёстой” гэлээ.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn