Б.Энхбаяр: Ерөнхий сайдын хулгайч нартай хийх тэмцлийн хуулийнх нь илд байх болно

2023-10-04

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилж, түүний оронд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэрийг МАН-ын Удирдах Зөвлөл гаргасан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Ерөнхий сайд өнөөдөр дуудаж уулзаад гурван асуулт асуусан. Нэгдүгээрт, хүний эрхийн мэдрэмжтэй байж чадах уу гэсэн.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулсан. Нүүрсний сонсголыг зохион байгуулж чадах уу. Шударга ёсны тэмцэлд хамт зогсож чадах уу гэсэн.

Гуравдугаарт, Боловсролын зээлийн сангийн асуудалд нэр холбогдсон. Үүндээ тайлбар хэл гэсэн. Би асуудлаа тайлбарласан. Ерөнхий сайд ч өөрөө бүх материалыг татаад үзчихсэн байна лээ. Хуулийн хувьд ямар ч асуудалгүй. 16 жилийн өмнө, 30 хүрээгүй байхдаа Хууль зүйн яаманд ажиллаж байхад төрийн захиалгаар суралцсан. Ямар нэгэн зөрчил байхгүй.

Нүүрсний сонсголыг энэ онд багтаан зохион байгуулахаа хэлсэн. Нам, дарга цэрэг гэхгүйгээр бүх асуудлыг ил болгож тавина. Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Ерөнхий сайдын бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Ерөнхий сайдын хулгайч нартай тэмцэх тэмцлийн хуулийнх нь илд байх болно” гэв.

Холбоотой мэдээ