Монгол Улс дизель түлшний 40, АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байна гэв

2023-09-25

Өнөөдөр шатахууны асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр “Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт ОХУ-ын Засгийн газраас дотоодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд газрын тосны зарим нэг бүтээгдэхүүн болон авто бензиний экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан тогтоол шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын өргөн хэрэглээний АИ92 болон дизель түлшний тодорхой гаалийн кодоор хязгаарлалтад орсон мэдээллийг өгч байсан.

Амралтын болон энэ өдрүүдэд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр тус Засгийн газрын тогтоолоор Монгол Улс шатахууны хязгаарлалтад орохгүй гэдэг мэдээллийг өгсөн байгаа. Үүний хүрээнд УУХҮЯ-наас Роснефть компанитай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх талаар албан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлж байна.

Монгол Улсад шатахууны нөөцийг таслахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна. 161 дүгээр тогтоолоор шатахууны нөөцийг баталсан байдаг. Үүнд шатахуун болон авто бензиний 30 хоногийн нөөцтэй байхаар тогтсон. Одоогийн байдлаар шатахууны хэвийн нөөцтэй байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 40, АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байна. Шатахууны нөөцийг таслахгүй байхаар ажиллаж байна” хэмээлээ.

Холбоотой мэдээ