Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Зэс фестиваль” өнгө нэмнэ

2023-09-22

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өнгө нэмсэн нэгэн арга хэмжээг Орхон аймаг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.

Орхон аймаг, Эрдэнэт хот дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, уул уурхайн салбараа сурталчлах  зорилгоор зохион байгуулж буй  “Зэс фестиваль”-д  зэс боловсруулах үйлдвэрүүдээс гадна зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүтээгдэхүүн, зэс эдлэлийн үзэсгэлэн гээд зэсээр бүтсэнзүйлсийг олонд дэлгэжээ.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан.  Энэ хүрээнд Орхон аймаг  орон нутгийн төдийгүй, Монгол Улсын нэрийн хуудас болох арга хэмжээг “Зэс фестиваль” гэж үзжээ.

Энэ талаар тус аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “ “Зэс фестиваль” арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулж, орон нутгийн төдийгүй Монгол Улсад цаашлаад дэлхийд танигдсан эвент болгон хөгжүүлэхээр зорьж байна” хэмээн мэндчилгээндээ онцолж байв.

“Зэс фестиваль”-ийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ,  аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон,  уурхайчид, ард иргэдийн  төлөөлөл оролцсон хөл хөдөлгөөн ихтэй эхний өдрөө өнгөрөөлөө.

Орхон аймагт 5000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас  уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван аж ахуйн нэгж бий.

Тэдгээрийн нэг Азидаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ билээ. Тус үйлдвэр нь жилд 34 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 580 мянган тонн зэсийн баяжмал, 5 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэж байна.

Зэс боловсруулах үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч, жилд 10 мянган тонн катодын зэсийг гидрометаллургийн аргаар ялгах хүчин чадалтай дэлхийн жишигт нийцсэн зэс үйлдвэрлэж буй “Ачит Ихт” ХХК,  жилд 2.5 тонн цэвэр зэс үйлдвэрлэж зэс утас, цахилгааны утас үйлдвэрлэдэг Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” ХХК, мөн  байгаль  орчинд ээлтэй гидрометаллургийн технологийг ашиглаж жилдээ 10 мянган тонн цэвэр катодын зэс боловсруулах хүчин чадалтай “Зэс-Эрдэнийн хувь”, “Гал сэнтий”ХХК зэрэг томоохон уул уурхайн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж буй.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээгээр дээрх уул уурхайн үйлдвэрүүд иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчлахын зэрэгцээ иргэдийг үйлдвэртэйгээ танилцуулах аялалыг зохион байгуулж байна.

Зэс ашиглаж сүүн будаг гаргаж авдаг Булган аймгийн харьяат Д.Дарьсүрэн гуайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл энэхүү арга хэмжээний содон зүйлсийн нэг байв.

Тэрээр,  зэсээр сүүн будаг хийх технологийг судлаад 27 жил болж байгаа ажээ.   Малын сүүг зэс саванд хийгээд 45-60 см-ын гүнд булж 108 хоногийн дараа гаргаж авдаг энэхүү аргыг Монголчууд эрт үед ашигладаг байсан байна.  Ногоон өнгөтэй болсон сүүгээ хатааж, үүнийгээ нүдэж будаг гаргаж авна. Үүгээрээ хонины ноосоо будаж хувцас, эд хэрэглэл хийдэг ажээ.  Д. Дарьсүрэн гуай олон жилийн энэхүү судалгаагаараа 2021 онд “Оюуны өмчийн патент”-аа авсан байна.

Мөн Улаанбаатар хотоос “Leaf center” ХХК-иас цахилгаан автомашинаа  танилцуулж, “Зэс фестиваль”-д  оролцож  байна. Цахилгаан автомашиныг  бүтээхэд зэс 80 хувийг бүрдүүлдэг. Цахилгаан автомашин,  автобусны эрэлт ихсэх тусам зэсийн хэрэглээ нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг аж.

2014 онд  нэг сая цахилгаан авто машин үйлдвэрлэж байсан бол 2027 онд  энэ тоо 27 сая болж өсөх тооцоолол  бий нь энэ хэрээрээ зэсийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн үг юм.  Цахилгаан машинаар Улаанбаатар хотоос Эрдэнэтэд ирэхэд 7500 төгрөгийн зардал гарна. Энгийн авто машинаас 30 дахин ашиглалтын зардал багатай. Нэг цэнэглэлтээр 500-600 км явдаг. Орхон аймагт цахилгаан автомашины “Хурдан” цэнэглэгч бий гэх мэдээллийг  иргэд авлаа.

“Зэс фестиваль” маргааш хоёр дахь өдрөө зэс эдлэлийн дуудлага худалдаа, үзэсгэлэн, Copper kids open mic, марк, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээгээр үргэлжлэх юм байна.

Холбоотой мэдээ