Б.Ганди:Орхон аймгийн төрийн есөн байгууллага нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн

2023-08-24

Орхон аймгийн ЗДТГ тэргүүтэй төрийн 9 байгууллага   нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг  үйл ажиллагаандаа нэвтрүүлж, батламжаа авсан. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Чанарын менежментийн тогтолцоо, стандарт, төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Гандигаас тодрууллаа. 

Стандарт нэвтрүүлснээр төрийн байгууллагуудын  үйл ажиллагаанд  ямар өөрчлөлт гарч, шинээр ямар ажлыг  нэвтрүүлсэн бэ?

-Орхон аймаг стандарттай ухаалаг хот болох зорилгоор чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

Стандарт нэвтрүүлсний үр дүнд аймгийн ЗДТГ “Цахим төв”-ийг ашиглалтад оруулсан. Энэхүү төвийн (ТҮЦ) машинаас иргэн хуулийн этгээдийн 16 төрлийн 37 үйлчилгээ, E-Mongolia Цахим үйлчилгээний нэгдсэн ХУР-ДАН системээс иргэн, хуулийн этгээдийн 73 үйлчилгээ авахын зэрэгцээ  татварын 46 үйлчилгээг 24 цагийн турш авах боломжийг бүрдүүлсэн.

Мөн Цахим архивтай болсноор мэдээлэл, баримт олоход хялбар болсон зэрэг ач холбогдолтой арга хэмжээнүүдийг аваад байна. Түүнчлэн өмнө нь иргэд Нутгийн удирдлагын ордонд ороод үйлчилгээ авахын тулд өрөө бүрээс хэн хаана суудаг, аль өрөөнөөс ямар үйлчилгээ авах вэ гэдгээ мэдэхгүй асуудал үүсдэг байсан бол “Угтах үйлчилгээ” дээрх асуудлыг шийдэж чадсан. Долоо хоног бүр иргэдийн санал, зөвлөмжийн дагуу тайлан бэлдэж өгдөг нь үйл ажиллагаандаа анализ хийх, сайжруулах нэг алхам болсон.

Стандартуудыг нэвтрүүлэх үйл явцаас дурьдвал…

-Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу аймгийн ИТХ олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх талаар тодорхой үүрэг хүлээсэн.  Үүний хүрээнд “Стандарттай Ухаалаг Эрдэнэт хот”  төслийг аймгийн удирдлагууд санаачилсан. Өнгөрсөн  оны хоёрдугаар сард “World Standard Consulting” ХХК-тай хамтран  Орхон аймгийн ЗДТГ тэргүүтэй төрийн есөн  байгууллага Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр эхлүүлсэн.

Эдгээр байгууллагууд нь аймгийн ИТХ, Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ, Жаргалант сумын ИТХ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хотын захирагчийн алба, Улсын бүртгэлийн хэлтэс юм.

“ISO” гэж ярьдаг ч яг юуг хэлээд  байгаа талаар хүн бүхэн мэддэггүй шүү дээ. Үүнийг энгийнээр тайлбарлахгүй юу? 

‘ISO’  гэдэг нь Олон Улсын Стандартын Байгуулллага гэсэн үгийн товчлол. Швейцарын Женев хотод төвтэй. Тус байгууллага нь олон улсын мянга мянган стандартыг гаргаж ирсэн бөгөөд чанарын удирдлагын 9000 цуврал стандарт энд мөн багтдаг. Стандартчиллын Байгууллагаас гаргасан 20 мянга гаруй стандартууд дотроос чанарын удирдлагын тогтолцоонд холбогдолтой 26 бүлэг стандарт нь ISO 9000 юм.

Байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх процесст тавих хяналтын тогтолцоог бий болгодог. Өөрийн үйл ажиллагааг харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг системтэйгээр хянах тогтолцоог бий болгодог.  Мөн Дэлхийн хаана ч, ямар ч процессоор хийгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирохоор боловсруулагдсан. Үүнийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. ISO 9001 стандарт нь ISO 9000 цувралын “Стандартын шаардлагууд”-ыг тодорхойлсон хэсэг юм.

-Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Эдгээр стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр байгууллагын ажлын гүйцэтгэлийн чанарыг тасралтгүй сайжруулах, байгууллагын соёлыг тодорхой болгон, төрийн үйлчилгээг үзүүлэх чадвар, үнэлэмжийг тогтмол нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.  Аймгийн удирдлагууд менежментийн тогтолцооны үр нөлөөтэй байдлыг тогтвортой хангахын тулд байгууллагын бодлогыг тодорхойлон баталж тогтолцоог үр нөлөөтэй үргэлжлүүлэх, байнгын сайжруулалт хийх, төслийг амжилттай болгоход бүх талаар дэмжин ажилласан.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд, “Алсын хараагаа алсын  мэдлэг, чадвар, чанарт суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болох алсын хараа-тай ажиллана.

Эрхэм зорилгоо оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар аймгийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлдэг байгууллага байна.

Чанарын бодлогоо  Төрийн болон орон нутгийн хөгжлийн бодлогыг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн   судалгаанд суурилан оновчтой тодорхойлж, нийтэд ил тод, түргэн шуурхай хүргэж,   ёс зүйг дээдэлсэн төрийн мэргэшсэн албан хаагч  бүхий манлайлан хэрэгжүүлэгч байгууллага байна” гэж тодорхойлсон.

Төслийн хүрээнд цаашид байгууллагууд менежмент, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахын тулд албан хаагч нар өөрсдөө дотоод аудит хийх хэрэгцээ гарсан тул төслийн багийн 78 гишүүн дотоод аудитор, 28 хүн тэргүүлэх аудиторын сургалтад хамрагдсан.

Өнгөрсөн зургадугаар сарын 30-ны өдөр “MONCERTF LLC” компанийн баталгаажуулалтад нийт 10 байгууллага /Мэргэжлийн хяналтын газар төслийн дундаас нэмэгдсэн/ хамрагдан ISO 9001:2015, ISO 14001:2015 стандартын шалгуурыг ханган 2022  оны есдүгээр сарын 29-нд  гэрчилгээгээ гардан авсан.

Холбоотой мэдээ