Дорноговийн Сайншандад хүчтэй шуурганаар 24 гэр нурж, машин, байшингийн цонх хагарчээ

2023-08-22

Дорноговь аймаг, Сайншанд сумын дөрвөн багийн нутаг дэвсгэр хүчтэй шороон шуурга шуурчээ. Тодруулбал, хоёр, зургаа, наймдугаар баг, Сайхандулаан сумын нэгдүгээр багт уржигдар 22:50 цагийн орчим 18-25 м/с хүртэл хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ. Энэ тухай мэдээллүүдийг албаныхан өчигдөр хүлээн авсан аж.

Хүчтэй шуурганд Сайншанд суманд 18, Сайхандулаан суманд найм, нийт 24 өрхийн гэр нурж эвдэрчээ. Сайншанд суманд есөн хүлэмж, хоёр байшингийн дээврийн төмөр хууларч, нэг автомашин, нэг байшингийн цонх хагарсан байна. Сумдын багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр тухайн айл, өрхүүдэд очиж нөхцөл байдалтай нь танилцжээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Драгон” худалдааны төвд өчигдөр гал гарч байна гэсэн дуудлагыг 13:29 цагт хүлээн авчээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 13:32 цагт очжээ.

Шинээр баригдаж байгаа барилгын хашаанд хураалгаатай барилгын материал, долоон давхар барилгын зүүн урд тал хэсгийн гадна тал болон барилгын дотор эд хогшил, бараа материал  шатаж байсныг унтраасан байна.

Хүч нэмэгдүүлэн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 40 минут тус тус ажиллажээ.

Холбоотой мэдээ