
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь албан ёсны айлчлал хоёр улс дипломат харилцаа тогтоосон 35 жилийн хугацаан дахь хамгийн ахиц дэвшилтэй бөгөөд олон томоохон бодлогын баримт бичиг зурсан агуулга өндөртэй айлчлал болж буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлов.
Зам тээврийн салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулж, “Google” компани Монгол Улсад 10,000 багш, 1000 инженер бэлтгэхээр болоод буй.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Ерөнхий сайд айлчлал улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны харилцаанаас гадна соёл, нийгэм, бизнес, иргэдийн харилцааг хамарсан агуулга баянтай болж байна.
АНУ бол бидний гол гуравдагч хөршийн нэг. Стратегийн хэд хэдэн баримт бичгүүд зурсан. Дипломат харилцаа тогтоосноос 35 жилийн хугацаан дахь хамгийн ахиц дэвшилтэй, томоохон бодлогын баримт бичиг зурсан агуулга өндөртэй айчлал болсон гэж болно.
Эдийн засаг, зам тээврийн салбарын хамтын ажиллагаанаас гадна Дэд Ерөнхийлөгч Харрисийн өөрийнх нь тавьсан саналын дагуу сансрын салбарт хамтарч ажиллах талаар ярилцсан.
NASA байгууллага Монгол Улстай эрүүл мэнд, боловсрол зэрэг энхийн зорилгоор сансар судлалд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан. Манай талаас МАРС төслийн хүрээнд Монголын говь сартай адилхан хөрстэй, говьд сансар судлалын судалгааны төв байгуулах саналыг тавьсныг судалж үзэхээр болсон.
Мөн визний хөнгөлөлт дээр ч тодорхой саналуудыг тавьсан. АНУ-ын иргэд 90 хүртэлх хоног визгүй зорчдог бол монголчууд хоёр жилийн оочер авч визэнд орж байна. АНУ-д 45 мянган орчим монгол иргэд амьдарч байна. Иргэд хоорондын болон аялал жуулчлал, бизнесийн харилцааг сайжруулахын тулд визийг илүү хөнгөлөх саналыг тавьсан” хэмээн яриилаа.