Ж.Золжаргал: Хятадаас хагас кокс авч шатаах нь мэргэжилтнүүдийн биш намын шийдвэр

2023-08-10

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болсон. Уг хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн танилцуулгыг сонсч, ирэх өвлийн ид хүйтэн буюу арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31- хүртэл сайжруулсан түлшний мидлингийн оронд хагас коксжсон нүүрс түлэх саналыг дэмжсэн юм. Ингэхдээ нийслэлийн анх удаа босгох 500 тэрбум төгрөгийн бондын 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас кокс худалдан авах юм.

Тэгвэл уг асуудлыг Монгол нүүрс ассоциацын тэргүүн Ж.Золжаргал мэргэжлийн хүний хувьд эрсдэлтэй шийдвэр гэж дүгнэжээ. Тэрээр:

-Хятадаас 177 тэрбум төгрөгөөр 115 мян.т хагас кокс өр тавьж худалдан авах Засгийн газрын шийдвэр 2023.08.09-ний өдрийн НИТХ-ийн хурлаар дэмжигдэв.

Миний бие түлшний мэргэжилтний хувьд үр ашиг муутай бөгөөд эрсдэлтэй уг шийдвэрийг эсэргүүцэж байна. Мөн миний журмын нөхөд ХҮН намын НИТХ дахь бүлэг олон мянган өрхийн дулаан сууцыг санхүүжүүлэх мөнгийг “шатаах” гэж байгааг эсэргүүцэж мэдэгдэл хийсэн.

Гэвч НИТХ дахь МАН олонхоороо хүч түрэн шийдвэрлэв. Үүнийг тэмдэглэн үлдээх хэрэгтэй.

Яагаад буруу вэ гэхээр:

1. Онолын хувьд утаа бага ялгаруулах ч масс хэрэглээнд үр дүн багатай. Багахан өөрчлөлтийг хэт өндөр үнээр хийхийн оронд мянга мянган байшинг дулаан болгоход зарцуулах нь дээр.

2. Утаа “багатай” нүүрсэн түлш нь утаагүй хийн түлшээс хамаагүй өндөр үнэтэй болов. Хямд учраас л нүүрс түлдэг, мөнгөтэй бол цэвэр хий шатаана. Гэтэл үнэ нь эсрэгээрээ болох нь.

3. Хагас кокс дэгдэмхий бага, хатуу нүүрстөрөгч их тул ноцоохын тулд их мод, газ шаардана. Жаахан ойн нөөцөө улам ихээр шатаана.

4. Хагас коксыг шатаахад агаар их хэрэгтэй ба зуух яндан тааруу үед угаарын хий ихээр ялгарна. Угаартах эрсдэл нэмэгдэнэ.

5. Утаа багатай нүүрс шатаавч хөрс хөлдсөн үед хөлдүү агаар тогтож утаа багширсан хэвээрээ байна. Тэр үед нийтээрээ хямарч 177 тэрбум төгрөг хаачив хэмээн шуугина.

Ингээд сонгуулийн өмнө улстөрийн оноо ч авсан юм байхгүй, мөнгө ч байхгүй, утаатай хэвээр эмгэнэлт байдалд орно. Хамгийн харамсалтай нь энэ бол мэргэжилтнүүдийн биш намын шийдвэр! Намын дарга нар шийдвэр гаргаад, мэргэжилтнүүд тааруулсан дүгнэлт, зөвлөмж гаргах гэж будилж байх нь жинхэнэ эмгэнэл.

Тэмдэглэн үлдээв.

Жаргалсайхан Золжаргал

2023.08.10

Холбоотой мэдээ