
Өнгөрсөн шөнө Натурын зам дагуух нэгэн байранд дөрвөн удаа буун дуу гарсан болохыг ойролцоох оршин суугчид цахим хуудаст бичсэн.
Тэгвэл ЦЕГ-аас мэдээлснээр өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр 39 настай Б нь 33 настай иргэний биед хутгатай этгээд халдаж, хэргийн газраас зугтаасан хэрэг гарчээ. Хэрэгтнийг барихын тулд шуурхай эрэн сурвалжилж, БЗД-ийн 22 дугаар хороо бөхийн өргөөний нутаг дэвсгэрт тухайн этгээдийг саатуулсан байна.
Тухайн хүн хоёр гартаа хутга скочдсон байдалтай байсан бөгөөд цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлж, “би шийдсэн” утгатай зүйл ярьсан учир цагдаагийн бие бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн очиж иргэнтэй хэлэлцээ хийсэн. 22:10-00:10 цаг хүртэл хэлэлцээ хийсэн ч амжилтад хүрээгүй учир албадлага хэрэглэсэн. Иргэн Б нь өөрийн бага насны хүүхэдтэйгээ уулзана гэсэн шаардлага тавьж байсныг биелүүлэх боломжгүй байсан гэлээ.Хэлэлцээ хийх гэж оролдсон ч амжилтад хүрээгүй тул цагдаа хуульд заасны дагуу резинэн сумтай буу хэрэглэж, тухайн этгээдийг саатуулжээ.