“Харамсалтайгаар амиа алдсан 10 сартай нярай, 14 настай хүүхэд, хоёр иргэний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлэе”

2023-08-06

Өчигдөр орой орсон усархаг борооны БЗД-ийн 11,17,22, 21, ,27,28,29,32, СБД-ийн 19,20 дугаар хороонд үер бууж, дөрвөн иргэний амь нас эрсдэж, 246 айл өрх, 105 автомашин усанд урссан байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ. Гамшигт өртсөн айл өрхүүдэд орон байр, хоол хүнсний дэмжлэг үзүүлэх аж.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан:

Цаашид үер усны аюул гарахгүй гэсэн баталгаа алга. Манайд оронд өмнөх жилүүдийг бодвол усархаг, аадар бороо орох, үер ус ихээр бий болох эрсдэл ойр ойрхон давтамжтай нэмэгдэж байна. Зөвхөн манай орон ч гэлтгүй БНХАУ-д айхтар үерийн эрсдэл бий боллоо.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор байгалийн гамшигт үзэгдэл хаа сайгүй давтагдаж байна.

Төр нь ч зохион байгуулалттай, нөгөө талдаа иргэд байнгын сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Ажил төрөлт, амралт аяллаа хийхдээ ус үерийн аюулаас холуур байх, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагах хэрэгтэй байна. Мэдээж хүний хүчин зүйлээс хамаарах зүйлс байна. Цаашид стандартыг ягштал мөрдүүлдэг, нийцүүлдэг байх асуудал хурцаар тавигдаж байна.

Харамсалтайгаар амиа алдсан 10 сартай нярай, 14 настай хүүхэд, хоёр иргэний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлэе. Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг байгалийн гамшигт амь насаа алдсан иргэдийнхээ ар гэрт анхаарах асуудлыг анхаарч ажиллаж байна.

Огт бэлтгэлгүй байна гэж хэлж болохгүй, бид бүх боломжоо дайчлан ажиллаж байна. Бэлэн байдалтай байгаа учраас зохих түвшинд урьдчилан сэргийлэх ажлыг хийж явж байна. Харамсалтай нь хаана, хэзээ болох нь тодорхойгүй осол, гамшигт  үзэгдлийг урьдчилан зогсоох боломжгүй. Энэ асуудал зогсохгүй, цаашид үргэлжилнэ. Манай урд хөрш, БНСУ-д хэдхэн хоногийн өмнө ямар их хэмжээний үер болов. Хүчтэй эдийн засагтай, хамгийн шилдэг дэд бүтэцтэй улс орон хүртэл үер усны өмнө мөхөсдөж байна, бид ч гэсэн ийм нөхцөл байдалтай тулгарч байна.

Холбоотой мэдээ