Энэ асуудлын талаар сошиалд болон нийгэмд “…Сүртэй шалгаж эхлээд сураггүй болгодог уламжлал давтагдах вий” гэсэн эргэлзсэн яриа хөөрөө их гарах болоод байна. Улсын баяр наадмын өмнөхөнөөс Нийслэлийн ерөнхий менежер, УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайгийн хэрэг, нүүрсний хэрэгт хамаарах, гэмт бүлэглэл зохион байгуулсан гэх УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ерөнхий захирал асан Б.Ганхуяг нарын хэргийг прокурор хянаж байгаа гэнэ.
Т.Бадамжунайг НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан хахууль өгөх, 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасаг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан.

Эдгээр хэргүүдийг мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлсэн. Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд нүүрсний хулгайтай холбоотой олон хүний нэрийг хууль хяналтын байгууллагаас зарласан. “…Нүүрсний хулгайтай холбоотой нэр нөлөө бүхий 17 хүн байна. Түүн дотор УИХ-ын таван гишүүн багтсан” гэх сүржин мэдэгдлүүдийг энэ хавар хүртэл удаа дараа сүр дуулиантай зарлаад байсан.
Өөрөө УИХ-ын гишүүнээсээ татгалзан шалгуулж байгаа нэг гишүүн байгаа бол хоёр гишүүнийг УЕП-ын саналаар УИХ-аар хэлэлцэн гишүүнээс нь түдгэлзүүлсэн. Гэвч тэдний хэрэг хайчсан шалгаж, шалгуулж дуусаагүй юмуу гэх асуулт гарсаар л байна.
Мөн Төмөр замын С.Батдөлөөс өөр хэргээ шүүхээр шийдүүлсэн хэрэгтэн ч алга. Манайд ганцхан нүүрсний хэрэг ч гэлтгүй, нөлөө бүхий хүмүүстэй холбоотой хэргүүд тэгсгээд сураг алдардаг “уламжлал” нэгэнт тогтоод байгаа. 10 жилийн ял авсан хүн ч хэдэн сар хоригдсон болоод цагаатаад гараад ирдэг.
Тэгэхээр Т.Бадамжунайгийн хэрэг болон нүүрсний хэргүүд шүүхэд шилжих эсэх эргэлзээ дагуулсаар байна.