
Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдав.
Тус хурлаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Газрын тухай хуулийг тус тусад нь буюу бэлчээрийн хууль, бусад байгалийн тусгай хамгаалалттай газар нутаг гэж салгаж хуульчлах нь буруу гэж үзэж байгаа. Тэгэхээр нэмэлтээр орж ирж байгаа хуулийг дэмжиж байна. Гэхдээ цаашид атар газраас илүү атаржсан газрыг хагалахад анхаарах ёстой байгаа юм. Яагаад гэвэл үр тариаг 340 мянган га талбайд тарьж байна. Ногоон тэжээлтэйгээ нийлээд 440-450 мянган га талбайд тарьж байна. Атаржсан газар ургаж болох хөрсний шинжилгээг маш сайн хийсэн байдаг” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Атар газрыг зөвшөөрөлгүй хагалж болохгүй гэх заалт Тариалангийн тухай хуульд байгаа юм. Тэгэхээр нэгдүгээрт өвөлжөө, хаваржаа нь 1.5 га байна. Үүний дотор нэг га газартаа тариалан тариалах боломжийг нээж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл өрхийн үйлдвэрлэл явуулах боломжийг нь нээж өгч байгаа юм. Гэхдээ өвөлжөө хаваржааны аль нэг дээр нь тариална” гэлээ.