П.Сайнзориг: Бөхчүүдийг ам авах мөчид гар утсаар ярихыг хориглоно

2023-06-26

Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбоотойгоор бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орж байгаа талаар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.

ХЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Үндэсний бөхийн холбооноос зарим ташаа мэдээлэл өгснийг залруулж мэдээлэл хийнэ. 20 хүрэхгүй хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Холбогдох дүрэм журамд өөрчлөлт орох асуудал яригдаж байна. Бөхийн ам авахтай холбоотой дүрмийн өөрчлөлт орж байгаа. Түрүү жил ам авахтай холбоотой асуудал дээр программ хангамж бэлдсэн.

Харилцаа холбооны хэрэгсэл ашигласан нь наадамчдыг бухимдуулж, хардалт сэрдэлт дагасан. Аварга цолтой бөх доод бөхчүүдээсээ хэнийг ч авч болно. Ам авах дээр бөхчүүд тохироо хийгээд байна гэхчлэн асуудал их яригддаг тул бөх нь өөрөө амаа сонгож байгааг дэлгэцээр цацаж, олон нийтэд харуулна. Ам авах мөчид гар утсаар ярих зэргийг хориглоно. Хэрвээ зөрчвөл бөхийн хорио цээрт заасны дагуу арга хэмжээ авна.

4+1 гэсэн цаг хугацаан дээр амжиж бөхөө ам авахгүй бол хойшлуулна. Ам авахгүй хойшлуулаад байдаг нь дохио ирэхийг хүлээгээд сууж байдаг гэсэн зүйлээс сэргийлж байгаа юм. Гэхдээ ам авах нь хойшлох нь сонголт буурч байна гэж ойлгох хэрэгтэй.

Бөхийн цол дуудах асуудал байгаа. Бөхчүүдийг харьяалагдах спортын хороо, нутаг усныхаа нэр, цол, нэг л ивээн тэтгэгчээ дуудуулах шаардлага тавина. Зарим бөх гурван ч ивээн тэтгэгчийн нэр дуудуулдаг. Төрийн наадам болж байгаа учраас зүй зохистой байх үүднээс ийм өөрчлөлт хийж байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар оруулж эцэслэнэ.

Идэвхээр барилдааныг үнэлнэ. Түрүү жил батлагдсан дүрэм. Ардын хувьсгалын 100, 101 жилийн барилдаанд 1024 бөх барилдсан. Асуудал гараагүй. Зарим аймгуудад жижиг алдаанууд гарсан юм билээ. Манай судлаачид “Энэхүү дүрэм журмын өөрчлөлт нь бөхчүүдийн барилдаанд эерэгээр нөлөөлж байна” гэж ярьж байгаа. Барьцанд хүрэхийг хүлээдэггүй, урагшаа явж тэсэрч барилддаг болсон зэрэг эерэг өөрчлөлт байгаа. Гэтэл цөөн хэдэн бөхчүүдийн лоббигоор энэ дүрмийг өөрчлөх ёстой гэдэг саналыг Монголын бөхийн холбооноос тавьсан.

Санал тавихад нь бид “Дүрмийн зөвлөлийн шийдвэрээ аваад ир” гэсэн байхгүй. Дүрмийн зөвлөлд нь найман хүн байдаг гэсэн. Зургааг нь л мэдсэн. Хуралдааныхаа проткол, яагаад энэ дүрмийг өөрчлөх болсон үндэслэл, бөхчүүдээрээ хэлэлцүүлсэн асуудлаа аваад ир гэхээр байхгүй. Г.Магалжав тэргүүний нэр дээр “Тэгш барилдах” гэдэг дүрмийг оруулж ирнэ гэдэг санал тавьсан. “Бөхчүүдээрээ хэлэлцүүлсэн үү” гэж асуухад хариулж чадаагүй. Төрийн наадам цагтай. Хэрэв тэгш барьцан дээр хүрэх юм бол хэдэн ч удаа хаялцтал нь тэгш барилдаан хийнэ. Төрийн наадам нээлттэй, хаалттай болсон. Энэ нь өөрөө үзэгч түмэн маань чилээгээд суугаад байх уу гэдэг асуудлын үүднээс дээрх дүрмийн өөрчлөлтийг энэ жилдээ авч чадахгүй нь гэж үзсэн.

Салбар хороо  15 гишүүнтэй хуралдсан, 12 нь “Дүрмийг өөрчилж болохгүй. Нэр бүхий цөөн тооны гишүүдэд зориулж, дүрмийг жил бүр өөрчлөөд байж болохгүй” гэж үзсэн. Улсын дээгүүр цолтой нэр бүхий бөхчүүд өөрсдөө дүрмийн зөвлөлд орж, хуралдсан. Ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Энэ дээр би нэр зааж болно. Өөрөө дүрмийн зөвлөлд ороод “ингэж өөрчилье” гээд ярилцлага өгөөд явж байгаа бөх байна. Ийм ёс зүй байж болох уу. Шүүгчгүй спорт болъё гээд байгаа юм уу.  Хэн нэгний таалалд нийцүүлж, дүрмийг өөрчлөе гэж байгаа юм уу. Тийм учраас дүрмийг огцом өөрчилж чадахгүй нь ээ гэдгийг салбар хорооны гишүүд хэлсэн.

Түрүү жилийн дүрмээрэ явна. Нэг л өөрчлөлтийг Засгийн газрын хуралдаанд оруулна. Түрүү жил үндсэн барилдаан 30 минут, нэмэх нь 10 минутын барилдааны идэвх харж байсан бол энэ удаад 40 минутын барилдааны идэвх харъя гэж байгаа юм” гэв.

Холбоотой мэдээ