“Шийдвэр эцэслэгдвэл банкууд 47 орчим тэрбумыг иргэдэд буцаан олгоно”

2023-06-14

Өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны 9 банк ипотекийн зээл олгохдоо иргэдээс зээл судалсны 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчиж байна гэсэн ШӨХТГ-ын актыг үндэслэлтэй, хүчинтэй гэж шийдвэрлэсэн. Гэхдээ уг шийдвэр нь эцсийн биш бөгөөд одоо банкууд Улсын Дээд шүүхэд хандах эрхтэй юм. Хэрэв шийдвэр эцэслэгдвэл банкууд иргэдэд 47 орчим тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.

Өмгөөлөгч С.Ялалт:

УДШ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл үр дагаврыг арилгах арга хэмжээг арилжааны банкууд хэрэгжүүлэх шаардлага үүснэ. Нэгдүгээрт, өмнө нь үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг зээлдэгч нарт буцаан олгоно. Хоёрдугаарт, ирээдүйд олгох зээл дээр үндэслэлгүй шимтгэл авахгүй болно.

Арилжааны банкууд албан даалгаврыг сайн дураараа биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж, албан гүйцэтгүүлэх ёстой.

Иргэдэд анхааруулж хэлэхэд, уг албан даалгавар 2020, 2021 онд ипотекийн зээл авсан иргэд дээр яригдаж байгаа юм. Үүнээс өмнө зээл авсан иргэд хууль бусаар шимтгэл авсан гэж үзвэл Иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй.

Өмнө нь Иргэний хэргийн гурван шатны шүүхээр хоёр удаа зээлийн шимтгэлийн асуудал эцэслэгдэж шийдсэн байдаг. Иргэн өөрөө хууль бус шимтгэл авсан талаараа нэхэмжлэл гаргаж, хоёр удаа Улсын дээд шүүх иргэний талд шийдсэн.

Өмгөөлөгч О.Батхүү:

Банкууд Дээд шүүхэд хандах боломжтой ч УДШ хүлээж авахгүй байх гэж бодож байна. Учир нь нэг хувийн шимтгэл хууль бус гэдгийг УДШ хоёр ч удаа тогтоосон. Сүүлийн арван жилийн байдлаар ипотекийн зээлтэй 110 мянган иргэн байна. Үнийн дүнгээр авч үзвэл 1 хувийн буцаан ойлгох дүн 47 орчим тэрбум төгрөг болж байгаа.

 

Холбоотой мэдээ