
МАН-ын бүлэг хуралдаж, УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотыг 30 хувиас доошгүй байхаар шийдвэрлэжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт хийгдсэн. Анхны хэлэлцүүлгээр нэг хүйсийн байх доод хэмжээ 40-өөс доошгүй байх санал дэмжигдсэн.
МАН хүйсийн тэгш байдлын асуудлыг дэмжиж байгаа. Одоо мөрдөж байгаа Сонгуулийн тухай хуульд 20 хувиас доошгүй гэж байгаа. Өргөн барьсан хуулийн төсөл 30 хувь гэж явж байгаа.
УИХ-ын эмэгтэй гишүүд 40 хувь гэж санал гаргасан ч байнгын хороон дээр дэмжлэг аваагүй, УИХ-ын нэгдсэн чуулганаар олонхын дэмжлэг авсан.
Энэ асуудлаар бүлэг хуралдаж, 30-иас доошгүй байна гэж анх өргөн барьсан төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Эмэгтэйчүүдийн квотыг үе шаттай нэмэгдүүлэх нь зүйтэй. Харин жагсаалтад ороход хүйсийн харьцаа 1:1 байна.