
УИХ-д монгол хэлний боловсролы лобби бүлэг байгуулах саналыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд гаргажээ.
УИХ-ЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН БАЙНГЫН ХОРООНД
Санал хүргүүлэх тухай
УИХ-ын Чуулганаар хэлэлцэж буй Боловсролын тухай хуулийн хэлэлцүүлгийн явцад “Англи хэл бол үндсэн гадаад хэл байх”, “ЕБС-ийн гуравдугаар ангиас англи хэл заах” талаар шийдвэр гаргах түвшинд яригдаж, мөн Англи хэлний боловсролыг дэмжих лобби бүлэг байгуулагдаж, ЕБС-ийн нэгдүгээр ангиас англи хэл заах санал гарган хэлэлцүүлж байгаатай холбогдуулан Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн зүгээс дээрх асуудлын талаар санал хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Англи хэлийг ЕБС-ийн бага ангиас эхлэн заах нь монгол үндэстний хэл, соёл сэтгэлгээнд сөргөөр нөлөөлж, яваандаа үндэсний дархлаа сулрах аюултай болохыг анхаарах шаардлага манай өнөөгийн нийгмийн бодит амьдралаас урган гарч байгаа юм.
Хэл, сэтгэлгээ хоёр салшгүй хамааралтай болох хийгээд хүүхэд 12 нас хүртлээ төрөлх хэлээ дагнаж суралцахад үндэстний соёл, сэтгэлгээ нь дархлаажиж харийн хэл, соёл, сэтгэлгээний нөлөөнд автах эрсдэлгүй болж, үндэсний бие даасан оршихуй, оюун санааны тусгаар байдлын тулгуур тогтдогийг сэтгэц, хэл шинжлэлийн судалгаагаар тогтоосон юм.
Монгол хэлний тухай хуулийн 6.3-т “…ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн зааж болно” гэсэн заалт бий бөгөөд энэ заалт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Ганц манай улс ч биш, дэлхийн олон улс орон, ялангуяа олон арван сая хүн амтай, хөгжингүй улс орнууд эх хэлээ хадгалах, хамгаалах үүднээс хуулийн ийм зохицуулалт, хязгаарлалт хийсэн байдаг.
Тухайлбал, Дэлхийн улс орнууд хүүхдэд хэдэн наснаас англи хэл зааж эхэлдэг тухай Канадын Виннипэгийн их сургуулийн 2021 онд хийсэн судалгаанаас үзэхэд,
– Монгол, Япон, Белги, Судан, Замби, Доминикан, Чили 10 нас
– Туркменистан, Иран, Колумби, Бразил, Мадагаскар, Гватемал 11 нас
– Швейцар, Бенин, Буркина Фасо, Колумби, Төв Африк, Конго, Коь д’Ивуар, Зүүн Тимор, Эль сальвадор, Габон, Хайти, Индонез, Мали, Мозамбик, Никарагуа, Нигери, Того, Венесуэл, Йемен, Ангол, Кабо-Верде, Чад, Гвиней, Сенегал 12 нас
– Люксембург 14 нас
– Исланд, Коста Рика 15 наснаас эхлэн англи хэлийг заавал судлах хичээлд оруулдаг бол Марокко, Словени 9 наснаас англи хэлийг сонгон суралцах хичээлд оруулдаг байна.
Ялангуяа даяаршлын энэ эрин үед улс үндэстнүүд хүн төрөлхтний эрчимтэй хөгжлийн урсгалд өөрийн гэсэн өнгөөр ялгарах, өв хэл, соёлоо хадгалан авч үлдэхэд хувь оролцоогоо нэмэгдүүлэх эрмэлзэл урд хожид байгаагүйгээр идэвхжих болов. Япон, Хятад зэрэг хөгжлөөр тэргүүлэн гарч ирж буй улс орнуудад эх хэлний чадвар нь иргэн хүний нийгмийн харилцаанд орох чухал шалгуурт тооцогдох болсон байна. Үндэстний, ялангуяа цөөнх үндэстний өв хэлийг соёлт хүн төрөлхтний нийтийн нэн чухал үнэт баялаг, гайхамшиг хэмээн эрхэмлэн, ямар ч орчинд сурч эзэмшихэд нь дэмжлэг үзүүлдэг улс орон байгаа сайхан жишээ бий. ЮНЕСКО-ийн зорилт, хандлага ч тийм байдаг.
Үндэстний өв хэл, соёлын талаарх дэлхий нийтийн өнөөгийн хандлага ийм байтал Монгол Улсад монголын төдийгүй хүн төрөлхтний оюун соёлын үнэт өв болсон монгол хэлний баялаг хомсдож, эгшиглэнт яруу чанар нь алдагдаж, харь хэл, сэтгэлгээний нөлөө ихсэж, монгол хэлний үнэлэмж доошилж, хэлээ эзэмшиж, хамгаалж өвлүүлэх хүсэл эрмэлзэл суларч байгаад монголчууд сэтгэл зовниж, эмзэглэн цочирдох байдал бий болсон байна. Тухайлбал,
– Нийтийн анхаарлын төвд байдаг улс төрчид, нийгэмд нэр нөлөө бүхий идэвхтнүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сэтгүүлч, уран бүтээлчдийн төрөлх монгол хэлээрээ яруу сайхан, оновчтой ярих, бичих чадвар суларч, монгол хэлний үг болон өгүүлбэрийн бүтэц, зүй тогтлыг ч ноцтой эвдсэн яриа, хэллэгүүд, харь үгсийг олноор тогтмол хэрэглэх болж, улмаар энэ болгоомжгүй байдал нь олон нийтийн ярианд хэвшин тогтох хандлага анзаарагдах боллоо. Тайз, дэлгэцийн урлаг, мэдээллийн хэрэгсэлд харь үг олноор нэвтэрч, дуурайл болох хүмүүс гадаад соёл, яриагаар гангарах нь үндэсний соёл, сэтгэлгээнд үлэмж хортой нь тодорхой. (Тухайлбал, “ваав л даа!”, “алхалт хийлээ”, “өвдөлт өглөө”, “худалдан авалт явагдаж байна”, “агаарлалт хийх” гэх мэт)
– Цахим орчин иргэдийн, ялангуяа хүүхэд залуусын өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж байна. Хүүхэд багачууд маань хэлд орохдоо л цахим орчинтой харьцаж, хүссэн ч, эс хүссэн ч тухайн орчинд хэрэглэгдэж буй гадаад үг, яриаг хялбархан сурч, сэтгэл хөдлөлөө харь үг, аялгаар илэрхийлдэг болж байна. Энэ нөлөөлөл цаашид улам хурдацтайгаар өсөн нэмэгдэх хандлагатай байна.
– Төрийн байгууллагуудын албан бичгийн боловсруулалт, төрийн албан хаагчдын хэлний хэрэглээний чадвар хангалтгүй байгаа нь байж болшгүй зүйл болж хувирав.
– ЕБС-ийн сурах бичгийн хэл найруулга хангалттай бус, ялангуяа Монгол хэл, уран зохиолын хичээлийн хөтөлбөр, агуулга, заах арга зүй тогтворгүй, үр өгөөж багатай, ЕБС төгсөгчдийн Монгол хэлний хичээлийн шалгалтын босго оноо 50 хувьтай байгаа боловч жил ирэх бүр чанар нь доошилсоор байна. (Энэ жилийн Монгол хэлний хичээлээр шалгуулагсдын 15 хувь нь хангалтгүй дүн авав.)
– Англи, хятад, солонгос зэрэг олон орны хэлээр бүрэн сургалт явуулдаг цэцэрлэг, бага сургууль шил даран байгуулагдаж, Монгол эх орондоо монгол хэл, сэтгэлгээнээс хөндийрсөн монгол иргэдийн тоо улам нэмэгдэж байна.
– Ажилд авах үндсэн шалгуур нь англи хэл болж, англи хэлийг төрөлх хэлээс илүү хувь хүний боловсрол, чадварын шалгуур болгох, эх монгол хэлээ хоёрдугаарт эрэмбэлэх, улмаар эх хэлнийхээ чадамжид эргэлзэж, гадаад хэлийг шүтэх хандлага ч нийгэмд илэрхий анзаарагдах болов.
– 2022 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх гудамжны байшин барилгад байршуулсан 1000 гаруй хаягийн байгууламжаас 46 хувь нь англи, хятад, солонгос, орос зэрэг өөр орны хэлээр бичигдсэн байгаа тул Хэлний бодлогын Үндэсний зөвлөлөөс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд Татварын тухай хууль болон тусгай зөвшөөрлийн журмуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Дэлхийн бусад үндэстнүүдтэй харьцуулбал монголчууд цөөн тоот үндэстэнд хамаарна. Иймээс монгол хэлээр ярилцагчдын тоо жил ирэх тусам цөөрсөөр байна. Ялангуяа ОХУ, БНХАУ-д байгаа монголчуудын монгол хэлний хэрэглээ улам хязгаарлагдаж байгаа нь монгол хэл, соёлын дархлаанд сөргөөр нөлөөлж байна.
Хэл дагаж сэтгэлгээ өөрчлөгддөг нь хөтөлбөргүй үнэн юм. Сэтгэлгээ өөрчлөгдсөнөөр монгол төрх, язгуур оршихуйгаа сэрж мэдрэх, бахархах чанар суларч, үндэстний өөртөө итгэх итгэл гундаж, улмаар гаднын соёлыг аялдан дагасан, өөрийн гэсэн үнэ цэнгүй үндэстэн болон хувирч, бие даан оршин тогтнохуй нь суларч доройтдог гашуун сургамж хүн төрөлхтний түүхэнд арвин бий.
Монгол хэлний хувь заяа дотоодод болон гадаадад ийм эмзэг байгаа нөхцөлд Монгол Улсад аль нэгэн гадаад хэлийг “Үндсэн гадаад хэл” хэмээн тодорхойлж, ЕБС-ийн бага ангиас үзэх аваас суларсаар буй монгол хэл, монгол сэтгэлгээ, соёлын дархлаа алдагдах нь зайлшгүй. Энэ нь монгол хэлний талаарх бодлого урьд өмнөхөөсөө илүү далайцтай, хэлээ хамгаалах, хэрэгжүүлэх ажил эрчимжих ёстойг нийт монголчуудад анхааруулсан чухал үйл явдал болж байгаа юм.
Тэмдэглэн хэлэхэд “Үндсэн гадаад хэл” хэмээх нэр томьёо олон улсын хэрэглээнд огт байдаггүйг анхаарна уу?
Эх монгол хэлээ хамгаалах, хөгжүүлэх шаардлагын үүднээс дараах ажлуудыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг монгол хэлнийхээ төлөө санаа тавьдаг холбогдох байгууллагууд, хүн бүхэнд анхааруулга, санамж болгож байна. Үүнд,
– Монгол хэлний тухай хуулийн 6.1.2-т “… төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалт” монгол хэлээр явах, 6.3-т “Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг болон гадаад хэл заах тусгай зөвшөөрөл бүхий Ерөнхий боловсролын сургуулиас бусад Ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн зааж болно” гэсэн заалтыг УИХ-ын гишүүд, холбогдох яам, мэргэжилтнүүд яаралтай эргэн харж, хувийн болон төрийн өмчийн Ерөнхий боловсролын бүх сургуульд бага боловсролыг зөвхөн монгол хэлээр олгох гэсэн агуулгаар өөрчлөх;
– Сэтгүүлзүйн салбарын Хэвлэлийн консул, шүүтгэгч (омбудсмен) зэрэг мэргэжлийн нэгж, бүтцийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь тогтмолжуулахад төрөөс бүх талын дэмжлэг үзүүлэх;
– Сургуулийн өмнөх боловсролын сургалтад Монгол хэлний хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгайлан боловсруулж, бүх хэлбэрийн СӨБ-ийн байгууллагуудад хэрэгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх;
– ЕБС-ийн Бага ангийн Монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг эргэн харж, дүрэмжсэн, онолжсон сургалтаас аль болох зайлсхийж, өдөр тутмын хэрэглээ, монгол үндэстний түүх, зан заншил, соёлын агуулгыг тусган уялдуулж, хүүхдэд сонирхолтой, өгөөжтэй агуулга хэлбэрээр сайжруулан боловсруулах;
– ЕБС-ийн Бага ангийн сурагчдыг монгол хэл, монгол соёл, ахуй, түүхийн онцлогийг оновчтой сонирхолтой тусгасан баялаг агуулга бүхий уран зохиолын унших бичигтэй болгох;
– ЕБС-ийн Бага ангийн монгол хэлний хичээлд уран зохиолыг хавсаргаар оруулж, уран зохиолыг хэл шинжлэл талаас нь түлхүү үздэг өрөөсгөл ойлголтыг халах;
– СӨБ болон ЕБС-ийн бага ангийн багшид тавих шаардлагыг сайжруулж, бага ангийн багшийн цалин, үнэлэмжийг эрс нэмэгдүүлэх;
– ЕБС-ийн дунд, ахлах ангид Монгол хэл, Уран зохиол, Монгол бичгийн хичээлийг нэг багшаар заалгаж, ачааллыг хэт нэмснээр уг хичээлүүдийн чанар, үр өгөөжийг бууруулдаг арга барилыг өөрчилж, Уран зохиолын хичээлийг дагнан заадаг багштай болох;
– ЕБС-ийн дунд, ахлах ангийн Уран зохиолын хичээлийн хөтөлбөрийн агуулгыг эргэн харж, гэгээлэг, хүмүүнлэг, дотоод ухаарал, өөдрөг сэтгэлгээний агуулгаар баяжуулах, түүх, нийгмийн хичээлүүдтэй болон анги хоорондын уялдаа холбоог сайжруулах, онолжсон сургалтаас сэтгэлзүй, танин мэдэхүй, ёсзүйн хэрэглээний сургалт руу шилжүүлэх;
– Хүүхдийн зохиолын хөгжилд төрөөс онцгой анхаарч, цаг үеэ мэдэрсэн, өсвөл үеийнхний монгол хэлний боловсролд түлхэц болохуйц хүүхдийн өгүүллэг, тууж, роман, жүжиг, дуу шүлэг, кино, анимэшн зэрэг бүх төрлийн уран бүтээлийг бодлогоор дэмжих;
– Дээрх ажлуудыг тууштай хэрэгжүүлэхийн тулд УИХ-д Монгол хэлний боловсролыг дэмжих Лобби бүлэг байгуулах талаар санаачилга гаргах;
Эдгээр ажил, зорилтыг хэрэгжүүлэхгүйгээр аль нэгэн гадаад хэлийг ЕБС-ийн бага ангиас эхлэн заах нь хожмоо харуусавч барахгүй ноцтой үр дагавар дагуулж болзошгүйг анхаарч ажиллахыг Хэлний бодлогын Үндэсний зөвлөл санамж болгож байна.
Хувийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН
ДАРГА Л. ДАШНЯМ (Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, орчуулагч, доктор, профессор)
ГИШҮҮД Ц. ӨНӨРБАЯН (Ардын багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор)
М.БАЗАРРАГЧАА (Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор)
Ж.БАТБААТАР (МУБИС-ийн захирал, Хэл бичгийн ухааны доктор (Ph.D) профессор)
В.СУРАНХҮҮ (Гавьяат багш)
Б.НАМИНЧИМЭД (зохиолч, сэтгүүлч)
Т.МООНДОЙ (Мэдээллийн технологийн инженер)
Ц.БАТТУЛГА (МУБИС-ийн ахлах багш)
Д.САХИА (БНСУ-ын ШУА-ийн Компьютерийн судалгааны хүрээлэнгийн секторын эрхлэгч)