
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, 2023 оны төсөвт тодотгол хийх замаар цалин, тэтгэвэр болон зарим төрлийн халамжийг нэмэхээр шийдвэрлэжээ:
- Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгохоор шийдвэрлэлээ.
- Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ. Энэ удаа хавтгайруулан нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, суурь цалинг нэмж, зөрүүг арилгах чиглэл барьж байна. Эдгээр нэмэгдэлд 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай.
- Халамжийн тэтгэмж 288 мянга байсныг 325 мянга болгон нэмэгдүүлнэ.
-
Асаргаа шаардлагатай хүүхдээ хардаг эцэг эхийн халамжийг 255 мянга болгоно.
Цалинг долдугаар сарын 1 болон аравдугаар сарын 1-нд нэмнэ. Долдугаар сард эхлээд хамгийн бага шатлалын цалин авдаг буюу соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангиллын төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Аравдугаар сард бусад төрийн албан хаагчдын цалин нэмэхийг бүлэг дэмжсэн байна.
Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын хамгийн доод цалин 565 мянга байгаа. Энэ хэмжээг долдугаар сарын 1-нээс 750 мянга болгож нэмнэ. Төрийн үйлчилгээний алба хаагч дотор төрийн нийтлэг үйлчилгээ болон бусад гээд эрүүл мэнд, боловсролоо оруулдаг байсан. Үүнийг нэгтгэж, төрийн мэргэжлийн үйлчилгээ гэдэг нэг ангилалд оруулна. Ингэснээр цалингийн ялгаатай байдал үүсэхгүй. Аравдугаар сарын 1-нээс төрийн захиргааны алба хаагчдын цалин нэмнэ. Яамныхан бол харьцангуй өндөр цалинтай. Агентлаг, аймаг орон нутгийн төрийн захиргааны алба хаагчдын цалин маш бага. Тиймээс төрийн захиргааны байгууллагын бүх алба хаагчдын доод цалинг сая төгрөг болгоно. Төрийн тусгай алба хаагчдын хувьд мөн ялгаатай байсан. Цагдаа нарын цалингийн доод хэмжээг нэг сая болгоно” гэлээ.