Б.Мөнх-Эрдэнэ:“Сайн сайхан” гэдэг ерөөлтэй үгээр тоглолтоо нэрлэсэн

2023-05-23

Анхны бие даасан, уран бүтээлийн “Сайн сайхан” нэртэй тоглолтоо 5 дугаар сарын 27-нд МҮЭСТО-нд хийхээр зарласан, залуу уран бүтээлч, дуучин Б.Мөнх-Эрдэнэтэй уулзлаа. Хөгжмийн багш, концертмейстер мэргэжил тэрээр “B soft” дуу бичлэгийн студид ажилладаг.

-Тоглолтоо яагаад “Сайн сайхан” гэж нэрлэсэн бэ?

-Сэтгүүлч, яруу найрагч Т.Сайхнаагийн шүлэг, Монгол Улсын төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболдын хөгжим “Сайн сайхан” гэдэг сайхан дуугаар тоглолтоо нэрлэсэн. “Сайн сайхан” гэдэг бол хүн бүхэн хэлдэг энгийн мөртлөө гайхамшигтай, ид шидтэй үг юм. Аав, ээж нь хүүхдүүдээ, багш нь шавь нараа, анд найзууд нэг нэгэндээ, ер нь энэ дэлхийн хүн бүхэн хайртай, дотны хүндээ сайн сайхныг л хүсдэг. Тийм учраас энэ ерөөлтэй нэрийг сонгосон.

-Таны тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ, таны ямар дуунууд дуулагдах вэ?

-Би Соёл урлагийн их сургуулийг 2017 онд төгссөн. Хөгжмийн багш, концертмейстер мэргэжилтэй. Миний анхны тоглолт учраас “Тэнгэр лусын харуул”, “Шүтэн бишрэх нутаг” зэрэг өөрийн дуунуудаа, мөн хөгжмийн үзүүлбэрээ өргөн барина. Тоглолтдоо зориулаад “Хос эгшиг”, “Үерхлийн дуу” зэрэг шинэ уран бүтээлүүд хийсэн. Тоглолтын найруулгаа шинэлэг байхад анхаарч байна.

Намайг дэмжиж МУСТА, “Морины” хэмээх Л.Нарантуяа, “Хос шаргын” гэгдэх дуучин, ая зохиогч Н.Баасандорж ах,  МУСТА, дуучин Н.Дашдэмбэрэл, П.Бат-Ундрах, “Танхай ерөөлч” Сүхээ зэрэг уран бүтээлийн ах, эгч, найзууд маань оролцоно.

Түүнээс гадна нутгийн минь ах, Төрийн соёрхолт яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Цогдоржийн Бавуудорж тэргүүтэй яруу найрагчид шүлгээсээ дээжилнэ.

-Та сая нутгийн ах гэлээ. Ингэхэд аль нутгийн хүн билээ?

-Би Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн. Манай өвөг дээдэс бол Наробанчин, Дилав хутагт нарын шавийн хүмүүс. Шилүүстэй маань хоёр хутагтын нутаг гэдгээрээ алдартай. Отгонтэнгэр хайрхны ойрын садан Мянганы уулс, Шилүүстэйн уулс, Завхан голоороо алдартай төрөлх нутгаараа бахархаж явдаг. Уран бүтээлээрээ ч нутаг, усаа мөнхлөхийг зорьдог. Цагдаагийн хурандаа, яруу найрагч С.Цэвээнлхазал ахын шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан багшийн хөгжим “Шүтэн бишрэх нутаг” дууг дуулж, анхны цомгоо энэ дуугаар нэрлэсэн. Манай нутгийнхан бүгдээрээ дуулдаг энэ дууг сумын ИТХ-ын тогтоолоор Шилүүстэй нутгийн сүлд дуугаар баталсанд баярлаж, бэлгэшээж явдаг. Ноднин “Сэтгэл даллах Шилүүстэй” төслийг санаачилж, энэ хүрээнд контент, тоглолт зохион байгуулсан.

-Таны дуулсан “Сайн сайхан” дуу шинэ дуу юу?

-Энэ их сонин түүхтэй дуу. Т.Сайхнаа ахын 2006 онд бичсэн шүлэгт С.Соронзонболд багш 2012 онд аялгуу хийснийг нь би 2016 онд анх дуулсан юм. Гэхдээ нийтэд цацаж, клип хийлгээгүй. Одоо болох тоглолтоороо олон нийтэд хүргэх гэж байна. Энэ утгаараа шинэ дуу юм.

-Яагаад дуугаа цацахгүй, дараад байсан юм бэ?

-Залуус бидэнд суралцах зүйл их байна. Яаран сандран юм хийхээсээ өмнө бусад уран бүтээлчдээс суралцах, дуулах болон хөгжмийн ур чадвараа сайжруулах шаардлага байнга гардаг. Урлагийн салбарт арын алба гэж байдаг. Би бол арын албаны хүн. Оюутан байхаасаа соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, найруулагч Идүүртогоогийн Эрдэнэбуян багшийн удирдлага дор “B soft sounds records”-т ажиллаж байна. Мөн “Чингис” зочид буудлын хөгжмийн техникчээр давхар ажилладаг байлаа.

Энэ хугацаанд Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн, Х.Үнэнхүү, С.Цогтсайхан, Д.Амаржаргал, соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах, Н.Мөнгөншагай, Б.Баяндалай зэрэг сонгодог болон нийтийн дуучдын 300 гаруй дууны хоолойн бичлэг, микс мастеринг дээр ажилласан байна.

Сүүлийн үед “Нюанс” хамтлагийн дуучин Дуйнхаржавын “Наран ургасан эх орон”, ДБЭТ-ийн дуучин Б.Чүлтэмсүрэнгийн “Наранд ойрхон Алтай” зэрэг дуунуудыг ард түмний сонорт хүргэхэд гар бие оролцлоо. Энэ бүхний эцэст одоо л дуулъя, дуугаа цацъя, тоглолтоо хийе гэдэг итгэл үнэмшилтэй болж ирж байна.

-Дуу, хөгжмийн авьяасыг хэнээс өвлөв, удамд нь урлагийн хүн байв уу?

-Миний аав З.Батмөнх гэж хөгжмийн багш, Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан, Улсын тэргүүний ардын авьяастан хүн байсан. Аавыгаа харж, аавыгаа дуурайж дуу, хөгжимд дурласан. Цэцэрлэгт байхаасаа уран уншлагын тэмцээнд орж, нэгдүгээр ангиасаа дуулж, хоёрдугаар ангиасаа хөгжим тоглож эхэлсэн. Энэ бүхэнд анхны багш маань аав байсан. Аав, ээж хоёроос гадна нагац өвөө, эмээ маань намайг бүхий л талаар дэмжиж, урлагийн хүн болгосон.

Би чинь багадаа тэрүүхэндээ их тэнэсэн хүн. Анх Завханы Шилүүстэйн сургуульд элссэн мөртлөө 3-6 дугаар ангидаа Говь-Алтай аймгийн Тайшир сумын сургуульд, 8-9 дүгээр ангидаа Завханы Алдархаан сумын сургуульд сурч байгаад эргэж Шилүүстэйдээ ирж төгссөн. Энэ хугацаанд надад дуу, хөгжим зааж сургаж байсан Шилүүстэй сумын соёлын төвийн хөгжмийн багш Б.Одонхүү, Алдархаан сумын багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ю.Дэлгэрнасан нарынхаа ач тусаар хөгжмийн урлагт илүү дуртай болсон. Аав маань бараг л бүх хөгжмийг барина. Би аав шигээ болохыг л мөрөөддөг байлаа. Одоо бол төгөлдөр хуур, морин хуур, лимбэ тоглоно, ардын хөгжмүүдийг ер нь хөглөчихнө шүү.

-Анхны том тайз нь хаанахын тайз байв?

-Ер нь л тайз бүхэн том байсан даа. Сурагч байхдаа 2011 онд нийслэлд ирж тоглосон Завханы 999 морин хуурчийн нэг болж байлаа. Бидний тоглосон Сүхбаатарын талбай, Буян-Ухаа цогцолборын заал хамгийн анхны том тайз маань юм уу даа. Монголынхоо нэгэн сайхан өвийг өргөн олондоо түгээн дэлгэрүүлсэн том ажилд оролцсноороо бахархаж явдаг. Тэр ажлын хүрээнд сургагч багш болж, нутгийнхаа 70 морин хуурч хүүхдийг бие дааж бэлдсэн. Тэдний төлөөлөл “Сайн сайхан” тоглолтод маань оролцоно.

Холбоотой мэдээ