С.Батдөлд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлд холбогдох хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж дуусчээ.

Түүнд холбогдох хэргийг энэ сарын 5 буюу өнгөрсөн баасан гарагт НПГ-т хүргүүлсэн байна. ЭЦА-ныхан энэ оны нэгдүгээр сард С.Батдөлийг их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, нэгжлэг хийхэд олдсон 7.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас хэрэг нээн шалгаж эхэлсэн билээ.

С.Батдөлийг их хэмжээний татварт ногдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутагт байрлах орон сууц болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн, гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7.3 тэрбум төгрөгийг мэдсээр байж ашиглан хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэмээн яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Батдөлийн мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгосон гэнэ.

Түүний гэрээс олдсон дээрх мөнгөний зургаан тэрбум гаруй нь төмөр замаар ачаагаа тээвэрлүүлэх гэсэн аж ахуйн нэгжүүд өөрсдөдөө давуу байдал олгуулахын тулд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асанд өгсөн хахууль гэдгийг хууль сахиулах байгууллагынхан тогтоожээ. 10-аад аж ахуйн нэгжийн удирдлагаас зургаан тэрбум гаруй төгрөг хахууль болгож авсан нь тодорхой болсон гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn