Месси ПСЖ-гийн зөвшөөрөлгүйгээр Саудын Араб руу явсандаа уучлалт гуйжээ

2023-05-06

Парисын “Сен-Жермен”-ий довтлогч багийнхаа амралтын өдөр гэж бодсон учраас энэ аялалыг зохион байгуулсан гэжээ. Месси багийнхан болон клубээсээ уучлалт гуйжээ.

“Би багийнхан болон клубээсээ уучлалт гуйхын тулд энэ бичлэгийг хийж байна. Тоглолтын дараа бид урьдын адил амарна гэж бодсон. Саудын Араб руу хийх аялалыг зохион байгуулсан бөгөөд би үүнийг цуцалж чадаагүй. Би багийн нөхдөөсөө уучлалт гуйж, клубын шийдвэрийг хүлээж байна” гэж Месси өөрийн Инстаграм хуудсандаа бичжээ.

5-р сарын 2-нд Месси клубын ахлах дасгалжуулагч Кристоф Галтиерийн зөвшөөрөлгүйгээр Саудын Араб руу ниссэн нь тодорхой болсон. “Лорьен”-д гэнэтийн ялагдал хүлээсний дараа (1:3) ПСЖ-ийн дасгалжуулагчдын штаб тоглогчдын өмнө төлөвлөж байсан амралтын өдрийг цуцалж, 5-р сарын 1-ний даваа гарагт бэлтгэл сургуулилтаа хийхээр товлосон ч Месси ирээгүй.

Аргентин хөлбөмбөгчин Саудын Арабт тус улсын аялал жуулчлалын элчээр очсон байна. Үүнийхээ төлөө тэрээр жилд 30 гаруй сая доллар олдог. ПСЖ Мессиг хоёр долоо хоног тоглох эрхийг нь хасчээ.

Месси энэ улиралд ПСЖ-гийн төлөө 36 тоглолтод оролцохдоо 20 гоол, 19 оновчтой дамжуулалт өгсөн. Түүний гэрээ 2023 оны зургадугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ