АН дахин фракцуудын тохироон дээр явдаг нам болох уу

2023-05-05

АН хоёр ч сонгууль дараалан ялагдаж, энэ хооронд намынхаа удирдлагын асуудлыг шийдэж чадалгүй явсаар энэ хавар арай гэж нэг толгойтой болсон. Ингээд Л.Гантөмөрийнхөө тугийн дор цугларч, бүтэн жил зохион байгуулалтаа базаагаад ирэх жилийн сонгуульд нэг цул болж орох юм байх гэтэл.

АН дотор шинэ, хуучин нийлсэн есөн фракц үүссэн хэмээх яриа тархах болоод байна. Уг нь АН фракцигүй боллоо гээд л хэдэн жилийн өмнө “Таван сум” намын даргадаа өрсөлдөөд С.Эрдэнэ яльж байж билээ. Тэгвэл энэ удаа Л.Гантөмөр фракцуудыг сэргээх бололтой.

С.Эрдэнэтэй сүүлийн хэдэн жил хамт улс төр хийж, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааг ч саатуулж байсан Д.Ганбат гишүүн “Хийморь” хэмээх фракц байгуулсан тухай мэдээлжээ.

Мөн тус намын залуус “Од”, “Морьтон”, “Анчин”, “Хангарьд”, “Опен” зэрэг улс төрийн фракц байгуулжээ. Учир нь намын даргаа нийт гишүүдээсээ сонгож, фракцгүй болох зорилт тавьсан ч нэг хүний ноёлол, дураараа авирлах байдалд хүргэдгийг сайтар ойлгосон АН-ын гишүүд дахин фракцын зохион байгуулалтад орж эхэлсэн нь энэ гэнэ.

2000 онд таван нам нэгдэж байгуулсын дараа АН-д “Алтангадас”, “Зүүн хйд Азийн нийгэмлэг”, МОАХ, МҮДН фракцууд бий болж, хожим нь “Шонхор”, “Нэг Ардчилал” урган гарч байж билээ. Тэднээс Алтангадас нь гудас, гэдэс болтлоо хүний өөрийнгүй хуйвалдан явсаар АН-ыг бохир намаг шалбаагт аваачиж хутгасан гэгддэг.

Ямар сайндаа Ц.Нямдорж “АН-ын фракцууд намынхаа зовлон, төрд гарахаараа төрийн зовлон” гэж байх билээ дээ. Тэгвэл одоогийн фракцууд нь тэднийхээ араас орох уу гэдэг сонирхолтой. Ардчилсан хөдөлгөөнийг удирдсан гэх ах нарынхаа гар хөлийн дороос гарч чадсан үгүйг нь хэлэхэд хэцүү байна.

Гэхдээ ирэх нэг жилийн хугацаанд фракцуудын хэн нь хэн бэ гэдэг танигдана. Тэгээд ч УИХ-ын сонгууль болно. Фракцуудыг намын гишүүд нь хүлээн зөвшөөрөх үү. Мөн Л.Гантөмөр дарга нь хэрхэн ажиллах нь вэ гээд АН-д асуудал их байна.

Холбоотой мэдээ