УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Төслийг хэлэлцэхтэй холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкнаас эхлээд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, нүүрс болон зэсийн хулгайд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож, гэр бүл хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, иргэдийнхээ ирээдүйг хулгайлж байгаа үйлдэлтэй Засгийн газар хатуу тэмцсээр байна.
Авлигыг саармагжуулах зорилгоор төрийн өндөр дээд албан тушаалд томилогдох болон УИХ-ын сонгуульд өрсөлдөх, Засгийн газрын гишүүнээр томилогдох албан тушаалтанд сонголт өгөх зорилгоор Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Мөн төрийн өндөр дээд албан тушаалтан нь ямар ч тендерт оролцох боломжгүй болно гэдэг нь УИХ-ын сонгуульд өрсөлдөх, Засгийн газрын гишүүнээр томилогдохоосоо өмнө гэр бүл, компанийн удирдлагуудтайгаа ярилцаж, бизнесээ сонгох уу, улс төрөө сонгох уу гэдгийг ярилцаж шийдвэр гаргах шаардлагатай болно.
Өмнө нь улстөрчид УИХ, Засгийн газрын гишүүнээр сонгогдож, томилогдохоо лобби боломж давуу тал гэж хардаг байсан. Одоо харин энэ хуулиар хязгаарлагдана. Хуулийн төсөл өргөн агуулгаар өргөн баригдсан. Гэхдээ УИХ эцэслэн шийднэ. Ингэж байж юм цэгцэрнэ, авлигын олон скандал гарахгүй байх хамгаалалт болно. Төрийн олон албан хаагч, төрийн түшээдийг олон эрсдэлд оруулахаас сэргийлж байгаа гэлээ.
УИХ, Засгийн газрын гишүүн болохоос өмнө төрийн өндөр албан тушаалтан болохоос өмнө сонголт өгч байгаа хуулийн төсөл юм” гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, Ерөнхий сайд хариулт өгч эхэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “УИХ ын гишүүн болгон хулгайч юм шиг ярьдаг боллоо. Бизнесмэнүүд шиг шударга хүн ховор. Боловсролтой чадалтай залуус улс нийгмийн төсвийн бүрдүүлэлтийг хийдэг. Юм болгоныг хаана хорино гэснээрээ сайн үр дүн авч ирэхгүй.
Би энэ Засгийн газрын нэр нүүр болж байгаа нефтийн үйлдвэрийг байгуулах ажлын хэсгийг анх 2016 онд ахалж ажиллаж байсан. Зургаан сарын дотор 1 сая ам долларын зээл бүтээж, төмөр зам, авто замын ажлыг бүтээсэн. Тодорхой шалтгааны улмаас төслийг удирдахгүй байх үүрэг ирсэн учраас ажлаа өгсөн.
Төрийн ажил бол туршлагатай хүмүүсийн хамтын бүтээл байх ёстой. Микрофон харахаараа энхийн цагаан тагтаа шиг ярьдаг, хумсаа нуусан муур шиг хүмүүсээс эмээх ёстой. Шударга ёс бол хааж хорихоор тогтдоггүй, хууль мөрдөхөөр л шударга ёс тогтоно. Энэ хууль батлагдвал төрийн албанд ажилладаг хүмүүсгүй болно шүү. Надад бол төрийн албанд ажилладаг ах дүү байхгүй. Хөгжилд саад болсон хууль батламааргүй байна.
Санааг нь ойлгож байна. Ийм хууль гарчихаар төрд юм шахдаг хүн үгүй болно. Гэхдээ хэт туйлширч болохгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сингапурт гишүүд нь төрийн өмчит компанид юм нийлүүлдэг зүйл байхгүй. Бүр ил тод нээлттэй байгаа. Сингапурт би ЗГХЭГ -ын дарга, Ерөнхий сайд байхдаа айлчилсан. Суралцаж үлгэр жишээ авах ёстой орны нэг бол мөн. Тэнд төрийн албан хаагчийн цалин өндөр, гэхдээ эрх ашиг давхцдаггүй.
Урагшлан хөгжсөн орнууд далд эдийн засгаа ил тод болгож байж, хөгжсөн. Энэ тухай 100 гаруй кейстэй бүтээл байдаг. Далд эдийн засгийн тогтолцооноосоо иргэд нь төрдөө итгэхгүй болсноос дампуурсан. УИХ дээр хуулийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэх ётсой. Хэрхэн батлах эсэх нь УИХ-ын онцгой эрх. Биднийг төлөөлүүлж сонгосон ард иргэд маань энэ ёс зүй манлайллыг дээрээс эхлүүлэхийг хүсч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дээрээс нь хэрэгжүүлэхгүйгээр анхан дунд шатанд хэн ч дагахгүй. Яаж хуулиа мөрд, торгуулиа төл гэх юм. Энийгээ хэдүүлээ цэгцлэх ёстой. УИХ-д сууна гэдэг нь иргэдээ төлөөлж суугаа гэдэг дээрээ тогтохгүй бол тендерийг шударгаар авсан гэдэгт хэн итгэх юм бэ. Энийг цэцглэхгүйгээр цааш явах боломжгүй” .
УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Засгийн газраас өргөн барьсан төслийг дэмжиж байгаа. Улс төрд хүмсүүс яагаад ажиллах гээд зүтгээд байдаг юм. Мэдээлэл түрүүлж аваад, ашиг хонжоо хүртээд байгаа юм биш үү гэдэг хардлага их байгаа. Гишүүн болгон төрийн санг тоноод байгаа юм биш. Гэхдээ ийм болгохгүйн тулд гишүүдийнхээ тоог нэмэх гээд байгаа юм болов уу гэж ойлгоод байгаа.
УИХ мэргэжлийн салбар, салбарын төлөөлөл болох юм бол жинхэнэ шударга ёс тогтох болов уу гэж харж байгаа. Авлигатай хатуу тэмцэнэ гэчихээд хаа нэг газраас эхлэх ёстой. Тийм учраас шилжилтийн үеийн хатуу зохицуулалт юм болов уу гэж харж байгаа. Жилийнхээ цалингаар сонгуулиа хийдэг болсон цагт таны хүүхэд боловсролын зээлийн сангаар суралцаж болно, таны нөхөр хөнгөлөлттэй зээл авч болно гэж буцаагаад бизнес эрхлэх боломжтой болгож болох болов уу.
Олон улсад нэр хүндээ өсгөхийн тулд авлигын индексээ бууруулах ёстой байдаг. Энэ хуулийг баталбал нэмэр болох уу. Олон улсаас ямар зөвлөмж өгсөн байдаг вэ?”.
УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Транспренси олон улсын авлигын төсөөллийн индексээр 2022 онд Монгол Улс 180 орноос 116 дугаар байрт орж, 33 оноо авсан. 13 индикаторуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, тооцоолол хийсний үндсэн дээр жагсаалт гаргадаг. Нэг индикатор нь Дэлхийн банк. Тус банк 49 зөвлөмж өгсөн байдаг.
Тухайлбал, нэгдүгээрт, байгалийн баялгийн хуваарилалтыг олон нийтэд хүртээмжтой болгох эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох. Нийтийн албан тушаалтнуудын хандлагыг өөрчлөх. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зэрэг. Бид өнөөдрийн байдлаар 7 хоногт индексийн талаар мэдээллээ хүргэдэг тогтолцоо бий болгоод явж байгаа”.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай энэ хуулийг дэмжиж байгаа. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхдээ энэ агуулгаар сонирхлын зөрчилгүй ажиллаад ирсэн. Сөрөг хүчний гишүүд ийм асуудалд оролцох ч боломжгүй.
Хамаатнууд бол УИХ-ын гишүүдийг асуудалд оруулахгүйн төлөө л ажилладаг. Гол асуудал юун дээр гардаг вэ гэхээр найз нөхдийн сүлбээн дээр их гардаг. Найз нөхдөөрөө дамжуулаад тендер, сонирхлын зөрчлөөр гардаг. Энэ холбоо сүлбээг шийдэхгүй болохоор болохгүй болчихоод байгаа. Найз нөхдийн сүлжээг сонирхлын зөрчлөөр яаж хаах юм.
Бизнес эрхлэгчдийг бүгдийг айлгаж байна. Бизнес эрхлэхэд нэр хүнд чухал. Гэтэл шороотой хутгах зүйлийг эрх баригчид хийж байна. Сонсголоор дамжуулаад Монголын бүх компанийг хог шороо болгоод хаяж байна. Томоохон бүтээн байгуулалтын ажилд орох сонирхолгүй боллоо. Энэ чинь Монголын хөгжилд маш хортой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтдаа л аль нэг нам гэхгүйгээр зөв жишгээ тогтоох тал руугаа төвлөрвөл зүгээр байгаа. Хөгжлийн банкны зээлийг хувийн хэвшилд өгсөн бол ийм зүйл болохгүй байсан. Дундуур нь бөөнөөрөө хувааж авах гээд тэгээд шалгуур хангадаггүй компани аваачаад асуудал гаргаад, дефольт болох эрсдэл үүссэн учраас ийм зүйл болсон. Хувийн хэвшил, хулгайн сэдэл хоёрыг хэдүүлээ ялгах ёстой.
Энэ оон төрийн өмчит копманийг татан буулгахыг нь буулгаад, IPO хийлгэхийг нь хийлгэх ёстой. Энэ л хувийн хэвшлийг дэмжсэн дэмжлэг болно. Хувь хүн биш хууль засагладаг болох үед зарим нэг компанид давуу эрх олгоод байж болохгүй. Тэгш боломж олгосон цагт хувийн хэвшилд жинхэнэ дэмжлэг болно.
Гэтэл 10, 20 хувийн хувь хараад байхаар нэг компани нь том орд газар авдаг, банк бизнес рүү давхиад ордог, ард нь улстөрч байдаг. Тэгэхээр бусад компани нь яаж орох юм. Улс төрийн оролцоог багасгаж, давуу эрх олгож байгааг хязгаарлаж байж, бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Тэгэхгүй бол эргэн тойрны хэдхэн хүн тендер авдаг байх нь жам ёсны эрүүл орчинг бүрдүүлэхгүй.
Одоо байгаа байдлаар явбал хүндрэлтэй зүйл болно. Өмнөх бүх зүйлийг ярьж, улстөржөөд яах вэ. Чөлөөт өрсөлдөөн бий болгох. Хэзээ ч парламентын гишүүн ЖДҮХС -ийн зээл авдаггүй байхын тулд энэ төслийг батлах шаардлага байна”.