Д.Тогтохсүрэн: Зургадугаар сарын 5-10-ны дотор “ҮНДСЭН ХУУЛЬ”-ийн төслийг баталчих байх

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Д.Тогтохсүрэн “Засгийн газраас өргөн барьсан ҮХНӨ-ийн асуудал чинь нэг л зүйлтэй. Үндсэн хуулийн 21.1 гэдэг заалт л бий. Тийм учраас маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар эхний хэлэлцүүлгийг хийх болов уу. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн Журмын тухай хуулиар Үндсэн хууль хэлэлцэж байгаа үед дундуур нь аливаа асуудал хэлэлцдэггүй. Тийм учраас эдийн засгийн 2024 оны төлөвлөгөө хэлэлцэнэ. Төсвийн хүрээний мэдэгдлийг зургадугаар сарын 1-ний  дотор батлах ёстой. Бусад асуудлыг Үндсэн хууль батлагдсанаас хойш хэлэлцэнэ. Цаг хугацааны хувьд зургадугаар сарын 5-10-нд Үндсэн хууль батлагдчих байх. Хэрэв маргааш хэлэлцвэл УИХ-ын гишүүд хөдөө орон нутгийн тойрогтоо ажиллана. Иргэдийн саналыг авч, хэлэлцэнэ.

Сая Хууль тогтоомжийн тухай хууль батлагдсан. Энэ өөрчлөлтөөр хуулийн үр нөлөөг судлах, хуулийн төслүүдийн бэлтгэл хангах, хуулийн төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийх том чиг үүрэг парламентад байгаа. Хууль зүйн хүрээлэнг шилжүүлж байгаа асуудал бол харьяалал шилжиж байгаа л асуудал. Хуучин Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд байсан. Одоо Улсын Их Хурлын харьяа болж байгаа гэсэн үг. Би бол статусын хувьд дээшилж байна гэж харж буй. Нөгөө талаас парламентад мэргэжлийн хууль зүйн хүрээлэн байх шаардлагатай. Хуулийн төсөл боловсруулж, санал авах, хяналт шинжилгээ хийх, хэрэгжилтэд үнэлгээ хийж, хууль сурталчилж, хуулийг нэг мөр ойлгох хүрээнд мэргэжлийн хүрээлэнтэй байх нь зөв гэж бодож байна.

Уг хүрээлэнгийн зарим хүмүүс эсэргүүцэж байна гэнэ лээ. Харин ч энэ байгууллага статусын хувьд тогтвортой болж байна. Үйл ажиллагааны чиг үүрэг нь хэвээрээ байна. Дээрээс нь Монгол хэлний зөвлөл нэмэгдэн, очиж буй. Түүнээс биш нэг байгууллагыг татан буулгаж, үйл ажиллагааг нь өөрчлөхгүй. УИХ-аас гарч байгаа хуулийн чанарыг сайжруулах зорилгоор статусыг нь өөрчилж байгаа юм” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn