Он гарснаас хойш ой хээрийн түймэрт 20 гэр, 19 хашаа, нэг автомашин, 3,273 мал, 359,505 га талбай өртжээ

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой Байдлын Ерөнхий Газраас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд “2023 оны тавдугаар сарын 2-н буюу өнөөдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Сүхбаатар, Сэлэнгэ, Дорнод, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс гэсэн 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна.

Түймэрт урьдчилсан байдлаар 20 гэр сууц, 19 хашаа саравч, нэг автомашин, 3,273 мал, ойн 3,296 га, хээрийн 35,651 га буюу нийт 359,505 га талбай өртжээ.

Ой хээрийн түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагын 68 автомашин, 727 алба хаагч, Хил хамгаалах байгууллагын 249 алба хаагч, 34 автомашин, цагдаагийн байгууллагын хоёр алба хаагч, зэвсэгт хүчний 52 алба хаагч, гурван автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн 1,577 иргэн, 210 автомашин, нэг трактор, 19 автомашинтайгаар ажилласан байна.

Монгол Улсын талаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаар 3, Дорнод аймгийн Баянтүмэн, Халхгол сумаар тус тус нэг удаа БНХАУ-ын тал руу хээрийн түймэр давж гарчээ.

Өнөөдрийн байдлаар буюу сүүлийн 24 цагт Дорнод аймгийн Чойбалсан, Булган суманд хээрийн түймэр гараад байна” хэмээлээ.

Ой хээрийн гал түймрийн аюулаас сэргийлэхийн тулд иргэд, олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг анхааруулж байна гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn