С.Өлзийбаяр: Чингис хааныг Биндэрийн Хүрээ Ухаа буюу Дэлүүн Болдогт төрсөн гэж үзэх үндэстэй

Чингис хааны мэндэлсэн газар, Зүрхэн нутаг

МУИС-ийн оюутнуудын түүхийн “Титэм” хэмээх клубээс санаачлан Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн Болдог хэмээх газрын тухай эрдэмтэн докторуудыг урин лекц уншуулж ярилцага зохиолоо. Эхний лекцийг МУБИС-ийн багш доктор Ж.Гэрэлбадрах Хэнтийн Дадалын гурван нуурын Дэлүүн Болдогт Чингис хаан төрсөн тухай илтгэл тавьжээ. Харин Хэнтийн Биндэрийн Ламын буюу Хүрээ Ухаа нь Чингис хааны төрсөн Дэлүүн Болдог мөн хэмээх лекцийг миний анд, доктор С.Өлзийбаяр өнгөрсөн баасан гаригт уншиж ирсэн зочидтой ярилцлаа.

С.Өлзийбаярын яриаг тоймловол ийм.

“Аливаа улс оронд “Зүрхэн нутаг” хэмээх ойлголт бий. Хүннүд ч уг ойлголт байсан. Хавар цагийн тахилга хийдэг газрыг Сыма Цянь Лунчен хэмээсэн. Гэхдээ Лунчен нь Луут хот биш.

Түрэгүүд Зүрхэн нутаг буюу Этүгэн газартай байсан. Энэ тухай Билгэ хааны эх бичээсэнд бий. Тиймээс эртний нүүдэлчид Зүрхэн нутагтай байсан гэж үзэж болно” гэлээ.

Мөн “Монголчуудын Зүрхэн нутаг бол Дэлүүн болдог.Харин жинхэнэ Дэлүүн болдог нь аль вэ гэдэг маргаантай явсаар ирсэн.Хэнтийн Дадалын Дэлүүн болдог уу, Биндэрийн Ламын ухаа буюу Дэлүүн болдог уу гэдэг асуудал.

Гурав дахь нь буюу анхны Дэлүүн Болдог гэж тогтоосон газар нь одоогийн ОХУ-ын нутагт байгаа. Бүр 1863 онд Юринский Онон голын адагт дэлүү хэлбэртэй толгодыг ийн нэрлэснийг хожим манай эрдэмтэд няцаасан.

МНТ-д дүрслэгдсэн үйл явдлаас хэт алслагдсан гэх мэтээр. 1947 онд Киселев гуай археологийн малтлага хийж Чингисийн чулууны бичгийг олсон.

Бидний хувьд Дадалын Дэлүүн Болдогийн судалгааг үгүйсгэхгүй. Рашид Ад Дины “Судрын чуулган”-д Дэлүүн болдогоос Бурхан Халдун руу мориор зургаан хоног явдаг гэдэгт үндэслэж Дадалынхыг Дэлүүн болдог гэж үзэх болсон.

Мөн О.Жамьян гуай 1920 хэдэн онд нэгэн аман домог сонссон нь бас Дадалд Дэлүүн Болдог байгаа гэдэгт судлаачдыг итгүүлсэн.

Улсын төв номын сангаас Түүхийн хүрээлэнгийн захирал М.Цэрэндорж хэн зохиосон нь тодорхойгүй нэгэн гар бичмэл олж уншсаны дотор бичигдсэн зүйлс Дадалын Дэлүүн Болдогийн тухай байсан” гэх мэтээр дурдлаа.

Харин “1989 онд Д.Бадамдаш гуай анх Биндэрийн Хүрээ ухааг Дэлүүн болдог гэж тодорхойлсон. Гэхдээ түүнийг уг нутгийнх болохоор “жалга довны үзэл” гаргалаа хэмээн буруутгах хүмүүс цөөнгүй байсан. О.Сүхбаатар гуай мөн 1989 онд нэгэн зэрэг уг газрыг Дэлүүн болдог гэж тодорхойлсон.Ц.Дамдинсүрэн гуайн МНТ-ны хөрвүүлэгт өгүүлэгдсэн Ононы Тэргүүн Болдог гэдгийг О.Сүхбаатар гуай баримталсан.

Түүнийг няцаагсад Ц.Дамдинсүрэн гуайн МНТ-ны хөрвүүлгийг хэт уран зохиолчилсон түүн дээр ийм дүгнэлт хийж болохгүй гэдэг.

Д.Базаргүр газар зүйн талаас нь малын бэлчээртэй холбон зуслангийн газар, тиймээс Биндэрийн Дэлүүн болдогийг Чингис хааны төрсөн газар хэмээн дэмжсэн” хэмээв.

Эдгээртэй холбоотойгоор Бурхан халдун уул гэдгийг эрдэмтэд одоогийн ганц уулаар төсөөлөөд байгаа нь учир дутагдалтай, харин Хэнтийн нурууг тэр чигээр нь Бурхан Халдуны нутаг дэвсгэр хэмээн ойлгох хэрэгтэй хэмээх санааг дэвшүүлсэн.

Мөн Дадалын Дэлүүн болдог нь усархаг, намгархаг газар учир зун мал, амьтан нутаглах боломжгүй болох тухай, тус газар 12-13 дугаар зуунд одоогийнхоос илүү чийглэг, намгархаг байсан тухай газарзүйн судалгаа хийгдсэн тиймээс Биндэрийн Хүрээ Ухаа буюу Дэлүүн Болдог мөн гэж үзэх үндэстэй.

Бас тухайн газар нутгуудын онцлог, морины дэлүү шиг хэлбэртэй толгодын тухай гэх мэтчилэн олон асуудлыг хөндөн ярьсан юм.

Ам дамжсан домгоос илүүтэй судлаачдын судалгаа хийж тогтоосон газар чухал хэмээн үзэх хүмүүс цөөнгүй бий.

Мөн 1983-4 оны үед мориор өдөрт хэдэн км туулж болох тухай судалгаа хийгдэж байсан. Тэд Монголын орны баруун, зүүн нутгуудад мориор өдөрт хэдэн км туулах талаар судалгаа хийсэн хэмээн С.Өлзийбаяр анд ярилаа.

Тэрбээр өөрийгөө Хэнтийнх гэхдээ Дадал бас Биндэрийнх биш Баянмөнх сумынх гэдгээ ярьсан. Мөн Биндэрийн Ухаа толгойд археологийн сорилын малтлагын ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэйгээ ч өгүүлсэн юм.

Монголын түүхэнд тайлагдаагүй нууц, нэг мөр болж шийдэгдээгүй асуудлууд олон бий. Түүний нэг нь энэхүү Чингис хааны мэндэлсэн газар нутаг.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn