Чихоко Асада-Миякава: Дэлхий дээр жил бүр 2.9 сая хүн хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр нас бардаг

Өнөөдөр буюу 4 сарын 28-ний өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн Дэлхийн өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Чихоко Асада-Миякава хөдөлмөрийн аюулгүй, эрүүл орчныг ажилчдын суурь эрх болгосны ач холбогдол, түүнийг бодитоор хэрхэн хэрэгжүүлэх талаар нийтлэл бичсэнийг Монгол хэл дээр орчуулан хүргүүлж байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Чихоко Асада-Миякава Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн Дэлхийн өдрийг тохиолдуулан хөдөлмөрийн аюулгүй, эрүүл орчныг ажилчдын суурь эрх болгосны ач холбогдол, түүнийг бодитоор хэрхэн хэрэгжүүлэх талаар дор тайлбарлав.

Бангладеш улсын Дака хотноо Рана Плазагийн барилга нурснаас хойш хэдий арван жил өнгөрчээ. Тэр эмгэнэлт өдөр 2500 орчим хүн шархдаж, 1132 хүн амиа насаа алдсаны ихэнх нь тус барилгад байрлаж байсан оёдлын үйлдвэрийн ажилчид байсан юм.

Энэ осол дэлхий нийтийг цочроож, өөрчлөгдөх цаг болсныг анхааруулсан боловч Рана Плазад гарсан шиг олон осол дараа дараалан гарч эрдэнэт хүмүүний амь нас хохирсоор байна. Эдгээр ослын талаарх мэдээлэл сонин хэвлэлд гарах төдийгөөр өнгөрч байгаа нь харамсалтай. Дэлхий дээр жил бүр хоёр сая есөн зуун мянга орчим хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр нас бардаг. Энэ нь өдөрт 8000 хүн нас барж байна гэсэн үг.

Ажлын байрны осол гэмтэлд өртөгсдийн ар гэр асар их зовлонд унаж, эдийн засагт ихээхэн гарз хохирол учруулж байна.

ОУХБ нь 2022 оны 6 дугаар сард ОУХБ-ын Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн тухай Тунхаглалд эрүүл, аюулгүй ажлын орчныг хөдөлмөрийн суурь эрх болохыг хүлээн зөвшөөрч, нэмж оруулсан нь түүхэн алхам байлаа.

-Энэ асуудал яагаад чухал вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сонголт гэж үзэхээ больсон нь маш чухал. ОУХБ-ын 186 гишүүн улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай ОУХБ-ын конвенцод нэгдэн орсон эсэхээсээ үл хамааран эрүүл, аюулгүй ажлын орчныг хөдөлмөрийн суурь зарчим, эрх болохынх нь хувьд хүлээн зөвшөөрч, дэмжиж, хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна.

Энэ шийдвэр нь хэд хэдэн чухал ач холбогдолтой. Хамгийн чухал нь ажилтан бүр гэмтэл, өвчлөл, үхэлд хүргэж болзошгүй аюул, эрсдэлээс бүрэн хамгаалагдах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөв.

ОУХБ нь эрүүл, аюулгүй ажлын орчныг суурь эрх болгосноороо өөрийн гишүүн улсуудын Засгийн газар, ажил олгогчдод хөдөлмөрийн аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэх хариуцлагыг хүлээлгэж байна.

Ажилчдын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах нь зөвхөн ёс суртахууны үүрэг биш бөгөөд Зүүн өмнөд Азийн хамтын нийгэмлэг (АСЕАН)-ийн Нарийн бичгийн дарга нарын газраас барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар зардал, үр ашгийн дүн шинжилгээ хийхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг бизнесийн хувьд ч ач холбогдолтой болохыг харууллаа.

Ажилчид ажлын байран дээрээ аюулгүй, эрүүл байж чадвал илүү бүтээмжтэй, үр дүнтэй ажиллана. Энэ нь зөвхөн ажилчид, ажил олгогчид тустай төдийгүй нийт эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Харин эсрэгээр, ажлын байрны аюул ослын улмаас ажилчид бэртэж гэмтэж, өвдөх нь бүтээмж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг суурь эрх болгож байгаа нь нийгмийн шударга ёс, тэгш байдлыг бэхжүүлэхэд түлхэц болж байна. Ядуурал, ялгаварлан гадуурхалтад өртөмтгий, боловсрол, сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртэж чадахгүй байгаа ажиллагсдын хувьд ажлын байрны осолд өртөх магадлал харьцангуй өндөр бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг суурь эрх болгон хэрэгжүүлэх нь тэдний хувьд чухал ач холбогдолтой.

Түүнчлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дүрэм, стандартыг дагаж мөрдөх нь хөдөлмөрийн нөхцөл, ажилчдын эрүүл мэндийг сайжруулахад чухал ач холбогдолтой.

Ази Номхон далайн бүс нутагт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сайжруулахад олон ахиц дэвшил гарч байна. Олон улс орнууд ОУХБ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн конвенцод нэгдэн орж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай үндэсний бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрүүдийг шинэчлэн баталж, хэрэгжүүлж эхэллээ. Тогтвортой хөгжлийн хэнийг ч орхихгүй зарчмын хүрээнд Өмнөд Азийн зарим орнууд ариун цэврийн байгууламж, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт ажиллагсад, АСЕАН-ы орнууд бичил бизнес, албан бус эдийн засагт ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тодорхой алхмуудыг хийж байна. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад хөдөлмөрийн байцаагч нарын чадавхыг бэхжүүлж, техник технологийн дэвшлийг ашиглаж байгаа нь чухал ач холбогдолтой ажил болж байна.

Эдгээр нь бүгд сайшааж, дэмжүүштэй чухал санаачилгууд боловч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг бүх ажилтны өдөр тутмын амьдралд бодитоор хэрэгжүүлэхийн тулд хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчныг хөдөлмөрийн хүрээний бусад суурь, зарчим эрхүүдтэй харилцан уялдаатайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд, эвлэлдэн нэгдэж, хамтын хэлэлцээ хийх, албадан болон хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөрийн ертөнцөд ялгаварлан гадуурхалтыг устгах зарчмууд багтана.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад ажил олгогч, ажилтан харилцан ярилцаж, хамтарч ажиллах нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөл болно. Ажилчид эвлэлдэн нэгдэж, хамтын хэлэлцээ хийх замаар хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулж, эрүүл, аюулгүй ажлын орчинд ажиллах боломжтой болох бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж чадахгүй тохиолдолд хөдөлмөрийн хүнд нөхцөл, мөлжлөгт өртөх эрсдэлд орох өндөр магадлалтай.

Үйлдвэрчний эвлэл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар ажиллагсдын дуу хоолой болж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сургалт зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Аж ахуйн нэгжийн түвшинд, Индонезийн дал модны тосны үйлдвэр, Бангладешийн оёдлын үйлдвэрүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хороог байгуулж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг ажил олгогч, ажилтан хоёр харилцан ярилцаж, практик амьдрал дээр асуудлыг шууд шийдвэрлэх бүрэн боломжийг олгож байна.

Албадан болон заавал эрхлэх хөдөлмөр эрхлүүлэх, нас, хүйс, шилжин суурьшсан байдал, хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхах зэрэг нь ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлнө.

Эдгээр асуудлыг шийдвэрлээгүй цагт эрэгтэй, эмэгтэй, ахмад, залуу, эмзэг бүлгийн ажилчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчинд өртөх эрсдэл нэмэгдэх бөгөөд нийгмийн хамгаалал муутай, аюултай хөдөлмөр эрхэлсээр л байх болно.

Хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчин нь ажилтан бүрийн суурь эрх мөн. Засгийн газар, ажил олгогч, ажилтнууд, нийлүүлэлтийн сүлжээний бүх түвшний компаниуд энэхүү суурь эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.

Бидний амлалт, хамтын хүчин чармайлт, хичээл зүтгэл энэ бүхнийг бодит байдал болгож чадна. Ажилчдын суурь эрхийг хүлээн зөвшөөрч, дэмжих нь нийгмийн шударга ёс, бүх нийтийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой хувь нэмэр оруулах болно.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn