Хөгжлийн Банкны хэрэг: Шалгагдаж буй Б.Лхагвасүрэн хилийн хоригоо цуцлуулах хүсэлт тавьсан ч шүүх хүлээж авсангүй

Хөгжлийн Банкны хэрэгт шалгагдаад буй Төв банкны захирал Б.Лхагвасүрэн нь өөрийн хилийн хоригийг чөлөөлж өгөх тухай хүсэлтээ хэргийг шүүж буй хуралдааны даргалагчид ирүүлжээ.

Тэрбээр дараа долоо хоногт зохиогдох Азийн хөгжлийн банкны хилийн уулзалтад оролцох боломжгүй нөхцөл байдалтай байгаа нь хөгжлийн түншүүдийн зүгээс үл тоосон, хайхрамжгүй хандаж байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байгааг ойлгон богино хугацаанд ч гэсэн нүүр тулан уулзах, санал солилцох хэмжээний хоёроос гурван хоногт багтаан зорчих боломжоор хангаж өгөх тухай хүсэлт тавьжээ.

Мөн шүүх хурлын мэтгэлцээний шатанд хавтаст хэрэгт авагдсан мэдээллийн хүрээнд өөрийн биеэр тайлбар хариулт өгч оролцохын зэрэгцээ эзгүйд нь түүний өмгөөлөгчийн зүгээс хариулахаар бэлтгэсэн бүх зүйлтэй ижил байр суурьтай оролцох өмгөөлөгчдөө бүрэн итгэж байгаагаа илэрхийлжээ.

Уг хүсэлтийн хариуд шүүх хурлын даргалагч шүүгч хилээр гарах хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Шүүхийн байр суурь анхнаасаа тодорхой буюу бүх оролцогчдод ижил тэгш боломжоор хандана. Хуралдаан дуустал хилийн хоригийг цуцлах боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Хөгжлийн Банкны гэх хэргээр шүүгдэж байгаа бүх оролцогчдод хилийн хориг тогтоосон байгаа бөгөөд Төв банкны захирал Б.Лхагвасүрэн нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn