“Олон нийтийн төрийн бус байгууллагыг төр хажуудаа авчраад уяж болж байгаа юм уу”

2023-04-28

УИХ-ын өнөөдрийн чуулганы эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байгаа.

Аялал жуулчлалын холбооны талаарх хуулийн төслийн заалттай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Аялал жуулчлалын холбоодын чиг үүргийг бэхжүүлэх заалт хуулийн төсөлд орсон байна. Холбооны зохицуулалт үйл ажиллагаатай холбогдсон, уг хуулиар зохицуулаагүй харилцааг холбооны дүрмээр зохицуулна гэж заажээ. Хуульд тусгаагүй юм болгоныг холбооны дүрмээр зохицуулах юм шиг ойлгогдож байна. Тиймээс дараагийн хэлэлцүүлэг дээр үүнийг бодож үзэх хэрэгтэй.

Холбооны чиг үүрэгт байгаль хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой харилцаа багтаагүй байна. Тусгай хамгаалалттай, уул, устай газрыг хамгаалах, нөхөн сэргээх, талхлалтад оруулахгүй байхад холбоо үүрэг гүйцэтгэх ёстой” хэмээв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна гэсэн заалт байна. Төрийн бус байгууллагыг төрийн байгууллага шиг болгох үүргийг хуульд тусгасан байна. Төрийн бус байгууллагаа төр сонсдог байх учиртай. Олон нийтийн төрийн бус байгууллагыг төр хажуудаа авчраад уяж болж байгаа юм уу?” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Аялал жуулчлалын чиглэлийн 300 орчим төрийн бус байгууллага бий. Зарим компани нь таван тамгатай. Төр, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах замыг л нээж өгч байгаа. Эхний хурлаа хийчих. Тэгээд бүх зүйл нь шилэн байна гэдэг зүйлийг ярьж байгаа юм.

Бүртгэлийн асуудал явагдах юм. Тэгэхгүй бол аль холбоо нь бүртгэлээ явуулах вэ гэдэг нь тодорхойгүй болоод байна. Тиймээс нэг л нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгуулж, аж ахуйн нэгжээ бүртгэнэ. Нийтийн эрх зүйн хуулийн этгээдээр сонгогдсон хүмүүс үндэсний хороодод ажиллана. Хуулиар зохицуулаагүй дотоод харилцааг холбооны дүрмээр зохицуулна” гэлээ.

Аялал жуулчлалын холбооны талаарх хуулийн төслийн 26 дугаар зүйлийг гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Холбоотой мэдээ