
УИХ-ын өнөөдрийн чуулганы эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байгаа. Гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хөтөч, тайлбарлагч хийх хүн заавал бүртгүүлж, үнэмлэх авч байж жуулчны хөтөчийн үйлчилгээ үзүүлнэ гэжээ. Гэтэл жуулчны бааз дээр өөрийн чиглэлээ сайн мэддэг түүхч, судлаач, биологич хүмүүс байна. Жишээлбэл, Хустай дээр. Ямар ч хөтөч, ажилтнаас илүү бүх юмаа мэддэг. Тэгэхээр тэр хүмүүсийг заавал дахин сургалтад хамруулж, үнэмлэх олгох шаардлагатай юу? Үүнийг дараагийн хэлэлцүүлэг дээр бодмоор байна, Х.Ганхуяг гишүүнээ. Хустай дээр л гэхэд тэр тахийг унаганаас нь үхэх хүртэл хардаг биологичид байна. Тэр хүмүүс мэддэг юмаа ярихын тулд дахин үнэмлэх авах хэрэг гараад байна. Энэ дээр тэд нарыг нэмж өгөх хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Үүнийг гүйцээн боловсруулах чиглэл өгье. Морь, тэмээ унуулж буй хүмүүс дээр мэргэжлийн ур чадвар тогтоох гээд байна. Тэр зэрэглэлийг нь хэн тогтоох вэ? Усан спорт, уулын аялал, морь тэмээ унуулах үйлчилгээг мэргэжилтэй болгоод, ур чадвар, зэрэглэл тогтооно гэдэг хэцүү байх. Үүнийг амьдрал дээр сайн судлах хэрэгтэй” гэв.