Д.Тогтохсүрэн: Х.Ганхуяг гишүүн, Б.Бат-Эрдэнэ сайд хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна

УИХ-ын өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  1. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  3. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцэх /Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023.03.29-ний өдөр ирүүлсэн/
  4. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлан хэлэлцэх /Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээс 2023.03.30-ны өдөр ирүүлсэн/
  5. Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас Эрчим хүчний сайдад хандаж “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн хугацаанд нөхөрлөлөөр дамжуулан 150 гаруй аж ахуй нэгж, 50 гаруй нөхөрлөл нь ан амьтныг хамгаалж, өвс тэжээл тавьж байгаа тогтолцоог өөрчлөх байсныг нь эцсийн хэлэлцүүлэг дээр шийдэл гарган оруулсан. Үүнийг завсарлага авах хугацаанд ойлголоо. Аргаль, угалзыг буудаад агнадаг. Харин тулыг агнадаггүй, барьдаг. Барьчаад 1 минут 30 секундын дотор тавьдаг. Энэ агнуур дээр ямар байр суурьтай байх юм бэ? Нуур, цөөрөмд загас үржүүлж, яаж хамгаалах вэ гэдэг дээр ярилцлаа. Г.Занданшатар даргаа эцсийн хэлэлцүүлэг дээр загас агнуурыг агнангаа хамгаалах, үржүүлэнгээ хамгаалах тал дээр чиглэл өгөөч. Завсарлагын хугацаа дууссаныг мэдэгдье” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Гишүүд хариулт авч, асуулт асууж дууссан. Зарчмын зөрүүтэй санал хураана. Зарчмын зөрүүтэй 96 санал байгаа”.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.1 дэх заалтыг дэмжиж байгаа ч 3.2 дахь заалтыг дэмжихгүй байгаа юм. Анх орж ирэхдээ бүр балай орж ирсэн. Харин зассан байна. Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуульд тухайлан зааснаас бусад аялал жуулчлалыг энэ хуулиар зохицуулна гэж байгаа юм. Нийт аялал жуулчлалын 50 хувь нь тусгай хамгаалалттай газар дээр байгаа шүү дээ. Гэтэл өөр хуулиар явчиж байгаа юм. Энэ иргэдэд асуудал болно. Аялал жуулчлалаа хөгжүүлье гээд яриад байна. Гэрээ байгуулах, зөвшөөрөл өгөх нь энэ хуулиараа биш, Тусгай хамгаалалттай хуулиараа явна гэж байгаа юм. Тэгэхээр Тусгай хамгаалалттай хуулийг нь үүнтэй хамт явуулах хэрэгтэй. Х.Ганхуяг гишүүнээ, Б.Бат-Эрдэнэ сайдаа та нар хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү. Өмнө нь хулгайгаар шахуу орсон хууль. Бүх газар дуудлага худалдаагаар өгнө л гэж ярьдаг. Аялал жуулчлалыг нээлттэй болгоод тусгай хамгаалалтын бус газар зүгээр явна гэж байна. Тусгай хамгаалалт дээр очихоор зөвшөөрөл авна гээд явдаггүй. Нэг их гоё хууль гаргана. Гэтэл Тусгай хамгаалалтын хуулиар өөрчлөгдөхгүй. Тиймээс 3.2 дахь заалтыг дахин оруулж ирж, ярилцах хэрэгтэй. Нийт аялал жуулчлалын 50 гаруй нь тусгай хамгаалалтын газар байгаа шүү. Гэр бааз, морь хөтөлдөгт нь зөвшөөрлийг нь өгдөггүй. Тухайн газарт амьдардаг иргэдэд хохирол амсана. Өвөлжөө, хаваржаа барих эрхгүй, түлээний мод хагалах эрх байдаггүй. Өөр бүст очих шаардлагатай болдог. Хамгаалах нэрийдлээр өөр хэдэн хүний хамгаалалтад өгөөд нутгийн иргэдээс илүү буруу ашигладаг. Хамтад нь явах ёстой. Яг гараад хэрэгжихээр асуудал гарна шүү. Аялал жуулчлалын хоёр хуультай болох гээд байна. Энэ асуудлыг ажлын хэсэг дахин авч үзэх ёстой” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгнө. Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөх 98 хуулийг оруулж ирэхдээ Тусгай хамгаалалтын зөвшөөрөл олгох хуулийг өргөдлөөр оруулж ирнэ гээд байхад л гаргачихсан. Одоо энэ Зайснгийн газрыг аялал жуулчлалын зориулалттай гэж өгөөд л өнөөдөр ямар болсныг нь хар. Энийг гүйцээж боловсруул” хэмээлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn