
Өнөөдөр Эрдэнэс Тавантолгойн ТУЗ хуралдаж 2.5 сая иргэдийнхээ 1072 хувьцаанд өнгөрсөн жилийн ногдол ашгийг нь хүртээх үү эсэхүл Нүүрс угаах үйлдвэрээ барьж дуусгахад бидний хувьцааны ашгийг зарцуулах уу гэдгээ шийдэх аж.
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4р сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол улсын иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлсэн.
Харин үлдсэнийх нь ихэнх 70 хувь нь төрд бий. Гэтэл хоногийн хоолоо арай гэж залгуулдаг хүмүүст хувьцааны ашиг гэж нулимс шиг жижигхэн мөнгө хуваарилчихаад түүнийгээ шилний цаанаас хальт харуулаад өөр юманд зарцуулчихдаг төртэй.
Эрдэнэс Тавантолгой ХК-д БЭТ томилоод асар их мөнгө улсын төсөвт нэмэгдүүлж авснаа гайхуулаад, төсвийн орлого ихээр нэмэгдсэн гэж бүх дарга, сайд нар ярьж суугаа. Гэвч иргэд бидэнд энэ жил ахиад л ногдол ашиг олгохгүй хэмээн тэр БЭТ нь ярьсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулвал тонн нүүрс тутмаас олох орлого 60-80 ам.доллароор нэмэгдэнэ. “Эрдэнэс Таавантолгой” компани дээр 2022 оны долдугаар сараас эхэлсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаа. Тус үйлдвэрийг 2024 оны долдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй бөгөөд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай” гэж мэдэгдэж байлаа.
Уг нь Монголын төр, засаг Эрдэнэс Тавантолгойн өөрт ногдох хувиасаа тэр нүүрс угаах үйлдвэрээ санхүүжүүлээд явах бүрэн боломжтой. Гэвч 2.5 сая иргэд биднийхээ хувьцааны ногдол ашиг болох цөөн хэдэн төгрөгийг л урдаа барих.
Өмнө нь нүүрс зөөх төмөр зам тавья гээд хоёр гурван жилийн ногдол ашгийг маань төр авсан. Гэтэл тавьсан төмөр зам нь хятадын төмөр замтай шууд уулздаггүй мухар зам болж таарсан. Мөн нүүрсний хулгайн бүлэглэлүүд Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг хулгайлаад авчихсан.
Одоо дахиад маний 1072 хувьцааны ногдол ашгийг зүгээр л авчихна. Тэр ТУЗ-ийн хуралд нь 2.5 сая иргэд бидний төлөөлөл түй ч байхгүй. Тэгэхээр тэр үйлдвэртээ бидний ногдол ашгийг авчих л байх даа.