Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор нүүрсний олборлолт, худалдаа, тээвэр олон нийтэд ил болж, экспортын орлогыг нэмэгдүүлэх болсон. Үр дүнд нь 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан дүн гарсан. Иймээс дээрх ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах уу, аль эсвэл үр өгөөжийг нь улам нэмэгдүүлэх зорилгоор нүүрс угаах үйлдвэртэй болсны дараа ногдол ашиг тараах уу гэдэг шийдвэр гарна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулвал тонн нүүрс тутмаас олох орлого 60-80 ам.доллароор нэмэгдэнэ. “Эрдэнэс Таавантолгой” компани дээр 2022 оны долдугаар сараас эхэлсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаа. Тус үйлдвэрийг 2024 оны долдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй бөгөөд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай” гэж мэдэгдэж байсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн сүүлд 2012 онд 1072 ширхэг хувьцаа эзэмшигчид 96 мянган төгрөгийн ногдол ашиг тарааж байсан билээ. Мөн оюутнууд, ахмадууд зэрэг зарим хувьцаа эзэмшигчид 300 мянгаар хувьцааныхаа нэг хэсгийг төрд худалдаж байсан.