Хөгжлийн банкны хэрэг: УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар хэн нь ч нөгөөдөө нөлөөлөөгүй гэлээ

“Хөгжлийн банк”-ны хэмээх хэргээр 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны 9 дэх өдрийн хуралдаан түр завсарласны дараа дахин үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралд мэдүүлэг өглөө.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Х.Ганхуяг гишүүн өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгуулах гэж надад хандаад, би шийдвэр гаргах бүх хүмүүст нөлөөлөөд, “базсан” зүйл байхгүй гэдгийг хэлье. Энэ зээл зориулалтынхаа хөрөнгө оруулалтад зориулалтын зарцуулагдсан нь хавтаст хэрэгт нотлогдсон. УИХ-ын сонсгол дээр ч зориулалтын дагуу зарцуулсан гэж гарсан.

ТУЗ-өөс “Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгохыг зөвшөөрсөн 80 дугаар тогтоолыг гаргуулсан гэж байгаа. Яг үнэндээ би тухайн үед ТУЗ-ийн гишүүдийг таньдаггүй байсан. Төрд ажилладаг хүмүүсийг ч мэддэггүй байсан. Сар болгон ТУЗ-ийн хурал болоход л ажлын шугамаар уулздаг байсан. Надад тийм шийдвэр гаргуулсан зүйл байхгүй.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны Дотоод хяналтын хэлтсийн захирал Цолмонд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажлыг хавсран гүйцэтгэх эрхийг намайг хууль зөрчин гаргасан гэж байна. Гэтэл Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр нь амралтаа авна гээд ажил үүргийг нь гүйцэтгэх шаардлагатай болоод манай Тамгын газраас төслийг нь бичиж өгөөд би гарын үсэг зурсан. Ер нь бол Дотоод хяналтын хэлтсийн захирал нь орлон гүйцэтгэх бүрэн эрхтэй. Энэ журмаар батлагдаж байгаа юм.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, “Вертекс майнинг партнер” ХХК-ийн зээл нь хангалттай барьцаатай, 69 тэрбумын үнэлгээтэй зээл. Зориулалтын дагуу зарцуулагдсан. Хөгжлийн банкны зорилгод бүрэн нийцсэн. Эргээд харахад, хуулийн хэлтсийнхэн зөв л дүгнэлт гаргасан байна лээ. Аливаа компани зээлийн эрсдэлийг бүрэн даах чадвартай байна уу л гэдэг чухал. Ковидын эрсдэлийг хэн ч таагаагүй. Тэрийг таах ч боломжгүй. Гэхдээ энэ компани зээлээ хугацаанаас нь өмнө зээлээ төлөөд Хөгжлийн банкыг ямар ч эрсдэлгүй болгосон. Энийг л эрсдэл даах чадвар гээд байгаа юм. Миний хувьд ямар нэгэн байдлаар энэ хэрэгт холбогдож буй залууст нөлөөлсөн, дарамталсан, шаардсан зүйл байхгүй. Шүүх бүрэлдэхүүн маань тал талаас нь үнэн зөв дүгнэж, энэ хэрэгт холбогдсон миний бие болон бусад оролцогчдыг гэм буруугүйг тогтооно гэдэгт бүрэн итгэж байна.

Хөгжлийн банкны менежер н.Пүрэвсүрэн “Миний бие “Вертекс майнинг партнер” ХХК-ийн төслийн хууль зүйн дүгнэлтийг боловсруулсан гэх асуудлаар оролцож байна. Уг компанийн хууль зүйн дүгнэлтийг намайг шинэчилсэн гэж буруутгаж байна. Тухайн үед энэ асуудлыг шалгаж байсан мөрдөгч нь маш чамбай хүн байж, ойлгомжтой ярилцаж байсан.

Мөрдөгч хэлэхдээ “Чи бол гэрч. Тодруулах зүйл байсан байх” гэж байсан ч өнөөдөр энд аваад ирлээ. Намайг холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзсэн байгаа учраас тухай бүрт бичгээр тайлбар өгсөн учраас товчхон ярья. Багахан тодруулга хийхэд ажлыг хурдан,шуурхай, чамбай хийхийг шаарддаггүй удирдлага хаана ч байхгүй байх. Гэхдээ манай удирдлага биечлэн надад шахаж шаардсан зүйл огт байхгүй.

Хууль зүйн дүгнэлтийг шинэчилсэн тухай ярихад 2019 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдрийн 2019/74 дугаартай хууль зүйн дүгнэлтийг би гаргасан байдаг. Энэ дүгнэлтэд юу гэж заасан байдаг вэ гэхээд Хөгжлийн банкны тухай хуулийн 11,6-д заасан барьцаа хөрөнгийн шаардлагыг хангаагүй байна. Энэ шаардлагыг хангасан тохиолдол зээл олгох боломжтой гэх дүгнэлтийг гаргасан. Миний мэдүүлэгт нэг зүйл байдаг.

Дүгнэлт гаргасан өдөр хэлтсийн захирал Будхүү хэлэхдээ “Эрсдэлээс барьцаа хөрөнгийн үнэлгээ шинэчлэгдээд ирвэл хууль зүйн дүгнэлтээ шинэчлээд гаргаарай” гэж хэлж байсан  гэсэн байдаг. Үүнийг хууль бус чиг үүрэг гэж үзээд байх шиг байна. Энэ бол ажлын энгийн процесс. Харин дүгнэлт шинэчлэгдээд байхад дүгнэлтээ шинэчлэхгүй бол алдаа болно. Харин дараа нь үнэлгээний дүгнэлт шинэчлэгдээд ирсэн. Тиймээс шинэчлэгдсэн. Хаана ямар алдаа гарсныг би хувьдаа хайгаад олохгүй байна. Товчхон дүгнэхэд, миний хийсэн ажилд алдаа, хууль зөрчсөн зүйл байхгүй. Хийх ёстой ажлаа зохиж журмын дагуу хийсэн гэж үзэж байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Яллах дүгнэлттэй холбоотой миний хэргийн талаар нотлох баримт олж харсангүй. Тухайн үед хэвлэлээр явж байсан таамаг сэжиг байх шиг байна. Нотлох баримт талын процессыг шүүгчид маань харж үзээрэй. Г.Амартүвшин гишүүнд нөлөөлсөн гэх гол аргумент явдаг. Би яаж нөлөөлснөө ойлгохгүй байгаа.

Сүүлийн 20 жилийн хугацаанд бизнес хийсэн. Канад улсад оюутан болсон цагаас хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүй.

Би хүнтэй нөхөрлөж явснаас албан тушаалтнаас ашиг харж явсангүй. Компани томроод эхлэхээр хувьцаа эзэмшигчид биш санхүүгийн захирал зээлийн асуудлыг хөөцөлддөг. “Вертекс майнинг партнер” ХХК бол миний эзэмшлийнх биш. Өөрийн эзэмшлийн биш компанийн үйл ажиллагаанд оролцох нь өрөөсгөл ойлголт” хэмээлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn