Нацистын хорих лагерийн харгалзагч асан Йозеф Шуц 102 насандаа Германд таалал төгсчээ. Тэрээр 2022 онд ял авсан боловч хэзээ ч шоронд ороогүй – тэрээр ямар ч буруугүй хэмээн давж заалдах гомдол гаргасан аж.
Мөрдөн байцаалтын явцад Шуц 1942-1945 онд Берлиний ойролцоох Заксенхаузен хуаранд харуулаар ажиллаж байсныг тогтоожээ. 3.5 мянган хүний амийг хөнөөсөн хэрэгт түүний гар бие оролцсон. Тэрбээр таван жилийн хорих ял авсан ч Германы Холбооны шүүхэд хандсан нь тэр гэнэ.
Дэлхийн 2-р дайны үеэр нацистууд улс төрийн хоригдлууд, Зөвлөлтийн дайны хоригдлууд, еврейчүүд, цыганууд зэрэг 200 мянга гаруй хүнийг Заксенхаузен руу цөлсөн. Хэдэн арван мянган хоригдлууд амь үрэгджээ: хийн камерт болон эмнэлгийн туршилтын үеэр тэднийг буудаж эсвэл бусад аргаар амийг нь хөнөөжээ. Шуцын мэдээлэл SS-ийн баримт бичигт гарсан боловч энэ нь түүнийг энэ хугацаанд ферм дээр ажиллаж байсан гэж хэлэхээс сэргийлсэнгүй.
“Би яагаад энд шүүхийн өмнө сууж байгаагаа мэдэхгүй байна. Би энэ бүхэнд ямар ч холбоогүй” гэж Шуц шүүх хурал дээр хэлж байжээ.
Тэр шүүгчдийг итгүүлж чадаагүй нь үнэн. Тэд Шуцыг үнэхээр хорих лагерьт алба хааж, сайн дураараа хүмүүсийг үй олноор нь устгахад гар бие оролцсон гэж шийдвэрлэжээ.