Зам тээврийн дэд сайд асан, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ “Эхнийх нь “Мон дулаан” компанитай холбоотойгоор Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр оролцсон, дэмжиж санал өгсөн гэдгээр буруутгагдаж байгаа. Өмнө нь “Бэрэн” компани өгч байна. Албан тушаалаа урвуулсан гэдэг үндэслэлээр ялласан. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд сардаа нэг хуралддаг. Хэлэлцэх материал 2-3 хоногийн өмнө ирдэг. Хэлэлцэх материал гүйцэтгэх удирдлагын түвшинд судлагдсан, хуулийн шаардлага хангасан материал ирдэг.
Бид үүнд үнэлэлт өгч, Засгийн газрын бодлого шийдвэр нийцэж буй эсэхэд саналаа өгдөг. Яллах дүгнэлтэд “мэдсээр байж” гэдэг. Гэтэл урьдчилан ямар асуудал болсныг мэдэх боломжгүй. Асуултандаа хариулт аваад л шийдвэрлэдэг. Олон сар судласан хэр нь хууль бус зээл олгох материал, танилцуулга оруулж ирдэггүй байх. Энэ хүрээнд “Мон дулаан” компанийн зээлийн тухай 80 хуудас бүхий материал орж ирсэн. Засгийн газрын “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд, уул уурхайн салбарын эдийн засгийг дэмжих хүрээнд орж ирсэн. Хуулийн шаардлага, журмын шаардлага хангасан байна. Гэхдээ зарим шаардлагуудыг хангуулсны дараа зээлийн гэрээ хэлэлцээр байгуулах үүргийг гүйцэтгэх удирдлагуудад өгсөн.
Үүний дараа шаардлага хангасан материалаа ирүүлж байгаа. Энэ материалуудыг үндэслэлээд шаардлагууд хэр биелсэн, дүгнэлт нь яаж гарсан бэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөөд саналаа өгдөг журамтай. Энэ зээлийн төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн хүмүүстэй уулзаж байсан зүйл огт байхгүй. Тиймээс прокуророос оруулж ирсэн яллах дүгнэлтэй холбоотой үгсэн хуйвалдсан, албан тушаалаа урвуулан ашигласан асуудал огт байхгүйг хариуцлагатай мэдэгдэе. “Мон дулаан” компанитай холбоотойгоор нэг удаа мэдүүлэг авсан. Хоёр дахь удаагаа дуудахдаа яллах дүгнэлт гардуулсан. Яллах дүгнэлтэд дурдаад буй нэг ч нотлох баримт хэргийн материал байхгүй. Хэлэлцэх явцад тодорхой зүйл гарах байх. Тиймээс шүүхээс хэлэлцэх асуудалтай холбоотойгоор үнэн зөв шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсч байна.
Хоёр дахь асуудал нь хахууль авсан гэх асуудал. Намайг хорьсон. Хоригдоод гараад иртэл олон нийтийн сүлжээгээр 70 тэрбумын хахууль авсан гэж хоёр хоног зохион байгуулалттайгаар сэвсэн. Намайг 70 тэрбумын авлига авсан л гэж хүмүүс бодож байгаа. 70 тэрбум гэдэг ямар мөнгө вэ? 70 тэрбум төгрөгөөр 70 км зам тавина шүү дээ. Яагаад намайг зохион байгуулалттай гүтгэж байгаа нь миний дүү Ж.Батзандантай зургийг минь эвлүүлж байгаад “70 тэрбумын авлига авч Дарханы замыг гацаасан” гэдэг. Ингэхдээ тодорхой тролл хаягнаас оруулж таван байршлаас бүүст хийсэн.
Улаанбаатар, Дархан, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас тараасан. Би Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргын ажлыг давхар хийж байсан юм. Тийм учраас миний хардаж байгаа юм бий. Дарханы замын ард жинхэнэ хэрэгтэн нь нүүрээ нуугаад үлдэх вий дээ.
Намайг хорьсон. Яасан гэтэл гүйцэтгэх ажиллагаагаар мөнгө авсан нь тогтоогдсон гэсэн. Аравдугаар сарын 14-ны өдөр 461 дүгээр ангид анх удаагаа Дарханы замын талаар мэдүүлэг авсан. Гүйцэтгэх ажиллагаагаар 2022 наймдугаар сарын 6-ны өдөр танай гэрт хүн мөнгө аваачиж өгсөн гэдэг. Гаргаад ир гэхээр байдаггүй. Уучлаарай би наймдугаар сарын 6-нд Баруун хараагийн Дархан явах зам дээр байсан. Сэлхийн хөтөлийн замыг хийж байхад байсан.
Тэгэнгүүт прокурорын тогтоол арванхоёрдугаар сарын 6-нд дахиад өөрчлөгдөөд ороод ирсэн. Ингэхдээ долдугаар сарын 31-ний өдөр мөнгө авсан болгосон. Би гэрийнхээ камерыг шүүгээд өгөөч, байсан хүмүүстэй нүүрэлдүүлээд өгөөч гэсэн. Хүлээж авдаггүй… Олон хүний гэр бүл, ах дүү, ойр дотныхон маш их сэтгэл санааны хохирол амсч байна. Энэ асуудалтай холбоотойгоор олон хүнийг хорьсон байна лээ. Уучлаарай. Гүйцэтгэх ажиллагаагаар таны энэ үйлдэл нотлогдсон, та хялбаршуулчих гэдэг.
Хэргийн материалтай танилцахад бүх хүнээс хөтөлж асуусан байдлаар мэдүүлэг авсан. Нөлөөлсөн. Шүүх бүрэлдэхүүнд талархаж байгаагаа илэрхийлье. Энэ асуудлыг тайлбарлаад явах бололцоо байхгүй. Тайлбарлах бололцоогоор хангаж өгсөн шүүгч нарт талархаж байна. Үнэнийг олж тогтооход та бүхний сэтгэл зүрх, төрийн сүлд ивээх болтугай гэж хүсч байна. Энэ хэрэг цагаадах болтугай” гэлээ. Шүүх хуралдаан түр завсарлаад байна.