Б.Баяраа: Д.Эрдэнэбат, Б.Цогтгэрэл нарыг улстөрийн шахаагаар УБТЗ-ын Ерөнхий хороонд томилсон нь буруу

Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос “Шүүр ажиллагаа” болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр төмөр замчдын Үйлдвэрчдийн эвлэлийн холбооны дарга Б.Баяраа “Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос үндсэн гурван асуудлын хүрээнд удаа дараа шүгэл үлээсэн боловч Засгийн газраас хариу өгөөгүй. Ийм учраас Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн.

Нэгдүгээрт хувь нийлүүлсэн нийгэмлэг, УБТЗ-ын төлөөлөн удирдах зөвлөл буюу Ерөнхий хороонд ажиллах Монголын талын тэргүүн, Ерөнхий хорооны орлогч даргаар ЗТХ-ийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Ерөнхий хорооны гишүүнээр Улаанбаатар төмөр замд ямар нэгэн холбоо хамааралгүй, төлөөлөх чадваргүй УИХ-ын төсвийн байнгын хорооны зөвлөх нэрийн дор улс төрийн шахаагаар томилогдсон Б.Цогтгэрэл нарыг ЗГ-ын оролцоотой томилсон нь буруу гэж үзэж байна.

Хоёрдугаарт хариуцлага хүлээдэггүй, улсын мөнгө төлдөггүйн жишээг үзүүлдэг төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагуудад хариуцлага хүлээлгэдэг жишиг тогтоох шаардлагатай байна. Улаанбаатар Төмөр замын тээвэр, зохион байгуулалт хариуцсан орлогч дарга нь зах зээлийн эрэлт ихэссэн тохиолдолд авлигаас ангид үйл ажиллагаа явуулах, эрэлт нийлүүлэлтэд нийцсэн тээврийн үнэ ханшийг мөрдлөг болгох, доод шатны албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байдаг. Гэтэл ААН-ийн аль нэг албан тушаалтан алдаа эндэгдэл гаргахад түүнийг дээд албан тушаалтан хяналт тавиагүй үндэслэлээр хариуцлага үүрдэг боловч тус нийгэмлэгийн ерөнхий хороо, ЗТХЯ, ЗГ энэ асуудлыг шударга ёсонд нийцүүлэн авч үзэхгүй байна.

Гуравдугаарт Улаанбаатар Төмөр зам хувь нийгэмлэг ажлын байрны аливаа төрлийн дарамт гарсаар байгаа тухай шүгэл үлээсэн. Жишээлбэл ЗТЯ-ны сайд С.Бямбацогт нь өөрийн хувийн хэрэгцээнд “Ган зам пресс” төвөөр цаг тооны бичиг яаралтайгаар хэвлүүлж, тус төвийн дарга удирдлагууд нь ажилчдаа 72 цагийн турш амралтгүй ажиллуулсан боловч өнөөг хэр нь илүү цагийн мөнгө олгоогүй, нөхөн амруулаагүй. Энэ мэт ажлын байр дарамт гарсаар байна.

Цаашлаад  “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд УБТЗ-ын төлөөлөн удирдах зөвлөл буюу Ерөнхий хороонд ажиллаж буй ажилчид болон тус байгууллагын тээвэр, зохион байгуулалт хариуцсан орлогч даргын талаар шүүрдэх оролдлого хийхгүй байна. Түүнчлэн олон хүнийг сонгон шалгаруулалтгүй тушаал дэвшүүлж, өөрт хамааралгүй бусдаас шалтгаалсан асуудлаас болж ажлаас халах мэдэгдэл хүргүүлэх явдал бишгүй. Мөн “Шүүр ажиллагаа” эгэл хүмүүсийн амьдралд дарамт, эрх мэдэлтнүүдийн хувьд өөрсдөд нь дургүй хүмүүсээсээ салах боломж болж байна” гэж мэдэгдлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn