Б.Энхбаяр: Хуулийнхан өөрсдөө дөнгөж шалгаж байгаа хэргийн мэдээллийг гаргадаг. Тухайн хүний гэм буруу яригдаагүй байгаа шүү дээ

2023-04-26
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн халдашгүй чөлөөтэй байх эрх гэсэн хэсгийг хэлэлцлээ.

Энэ үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цагдан хорьсны дараа гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа эсэх талаар асуусан юм.

Б.Энхбаяр “Цагдан хорих “Цагдан хорих сонирхолд юу хөтлөөд байна вэ гэхээр тэнд нь гүйцэтгэх ажил хийхтэй холбоотой. Цагдан хорих байранд хийх гүйцэтгэх ажлыг хумих хэрэгцээ шаардлага байгаа юм биш биз. Өөрөөр хэлбэл, бусад ахуйн шинжтэй хэргүүдэд гүйцэтгэх ажиллагаа явуулахаа болих хэрэгтэй юм биш үү?

Дөнгөж шалгаж байгаа хэрэг, эсвэл гүйцэтгэх ажлын мэдээ яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр түрүүлээд гараад байна вэ? Хүнийг урд өдөр нь барилаа гэхэд зураг нь гараад, хэвлэлээр шууд цоллоод л. Энэ чинь гэмт хэрэг шүү. Хуулийн байгууллагынхан өөрсдөө ингэж дөнгөж шалгаж байгаа хэргийн мэдээллийг гаргадаг. Тухайн хүний гэм буруу яригдаагүй байгаа шүү дээ. Энэ чиглэлээр хэрэг үүсгэж байгаа юу?

Сүүлийн үед мөрдөх байгууллагууд прокурорын хяналтаас гарах асуудал арай хэтрээд байна гэж үзэж байгаа. АТГ нэр зарлачихдаг. Улсын ерөнхий прокуророос зөвшөөрөл аваагүй гэж ойлгодог. Энэ чинь арай давраад байгаа юм биш үү. Хуулийнхан данхайж эхэлж байгаа юм биш биз. Тусгай байгууллагын үйлдэж байгаа хэргийг шалгаж байна уу.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гэр бүлийнх нь хүн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тухай хэлсэн байна. Эхнэрт нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь гишүүнийг шалгаж байгаа хэрэг. Гэр оронд нь ингэж болдог юм уу. Өөрийг нь шалгаагүй, эхнэрийг нь шалгасан чинь нөхөр нь хажуугаар ороод юм яриад байсан гэх гэж байгаа юм уу. Хууль үйлчилж байна уу?” гэв.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Халдашгүй чөлөөтэй байх эрхийг ганцхан хуулиар зохицуулна гэж заасан байдаг. Нууц мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлын зохих хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан. Гэвч нарийвчлан зохицуулсан харилцааг дандаа холбогдох байгууллагын дарга болон бусад тушаал шийдвэр, журмаар хэрэгжүүлээд байгаа нь хэт их эрх хэмжээг шүүхийн бус субъектүүдэд олгосон гэж дүгнэхээр байна.

Цаашид цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулах, нууц мөрдөн шалгах ажиллагааны үндэслэл журмыг хуулиар нэг бүрчлэн нарийвчлан зохицуулах шаардлагатай. Хууль бус ажиллагаа, дур зорог гэдэг үгийг олон улсын хүний эрхийн байгууллагуудаас ярьдаг” гэлээ.

Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх үйл ажиллагааны нууц мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгэх ажлын хуулиар зохицуулагдаж байгааг зааглах цаг нь болсон. Тодорхой хэмжээний дутагдалтай зүйлүүд бий.

Нэг даргын шийдвэрээр батлагдаж, дүрэм журмын хэмжээнд зохицуулагдаж буй асуудал бий. Эдгээр дүрэм журам нийтлэг байдлаараа нууцлаг. Хуульчид тэр болгон олж үзэх нь хязгаарлалттай.

Сайжруулах чиглэлд онцгой анхаарах шаардлагатай гэдэгт тантай санал нэг байна. Мөрдөн албаны болон Гүйцэтгэх ажлын тухай хуулийг боловсруулж, намрын чуулганд өргөн барина” гэж хариуллаа.

Холбоотой мэдээ