
Хөгжлийн банкны шүүх хурал “НВЦ” компанийн зээлтэй холбоотой мэдүүлгээр үргэлжлэх үеэр шүүгдэгчид дараах мэдээллийг өглөө.
Шүүгдэгч, “НВЦ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг “Зээл авах боломжгүй компани зээл авсан гэж буруутгаж байгаа. Манай гэр бүл Шувуун фабрикт өссөн. Багаасаа өндөг зарж өссөн. Би 1990-ээд онд долдугаар ангийн сурагч байхдаа өндөг зарж, багагүй мөнгө барьж үзсэн. Аравдугаар ангиа төгсч, гадаадад суралцахаар явсан байдаг. Тэгээд 1998 онд төгсч ирээд аав, дүү нартайгаа хамтран “НВЦ” компанийг байгуулж, орос өндөг импортоор зарж эхэлсэн. Аав маань энэ салбарт 40-өөд жил ажиллаж буй мэргэжлийн хүн. Импортын бизнес хийж байгаад 2003 онд Төв аймгийн Баянчандмань суманд 400 үнээний хуучин фермийг худалдан авсан. Тэндээ 2003-2006 онд 100 мянган шувууны аж ахуй байгуулсан. Тухайн үеийн Шувуун фабрикын хүчин чадалтай ойр гэсэн үг. Тухайн үед 1960 хэдэн онд 140 мянган шувуутай, 600 орчим хүн ажилладаг, 3000 хүнтэй суурин байсан. Тийм хэмжээний фермийг байгуулсан гэсэн үг.
Тэрнээс хойш 25 жил өнгөрсөн. Бүх зүйл нэг өдөр босоогүй. Алхам алхмаар явсан. Олон жилийн хөлс хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Анх бизнесээ эхэлж байхад өндөгний хэрэглээ жилд таван сая орчим байсан. Нэг хүнд зургаан ширхэг өндөг ногдож байсан бол одоо 2022 оны мэдээгээр Монгол Улс нийт 450 сая ширхэг өндөг хэрэглэж байна. Нэг хүнд 120 орчим өндөг ногдож байна. Өндөгний хэрэглээ өсөхөд хүн ам, эдийн засгийн өсөлт нөлөөлсөн. Анх зах зээлийн 99 хувийг дангаараа нийлүүлж байсан. Тэр хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулж, анх банкнаас 20 сая төгрөг л зээлдэг байсан бол сүүлдээ 10 сая ам.доллар хүртэл зээлэх хэмжээнд хүрсэн.
2012 онд энэ үйлдвэрээсээ хоёр километрийн зайтай газар дээр нэг сая өндөглөгчийн аж ахуйн шав тавьсан. Хөгжлийн банктай холбогдож буй төслийг ингэж эхлүүлсэн. Хамгийн сүүлийн үеийн автомат шувуун аж ахуйн төслийг боловсруулж, дэд бүтцийн ажлыг өөрсдөө эхлүүлсэн. 2013 онд Германы Хөгжлийн банкинд төсөл боловсруулж хандсан. Зургаан сар судалсны эцэст бидэнд 2013 онд 25 сая ам.долларын зээл өгсөн. Бид өөрсдийн хөрөнгөөр дэд бүтэц, төслийн нэгдүгээр шатыг Германы банкны зээлээр хийсэн. Энэ үед эдийн засгийн хямрал эхэлсэн. Ам.долларын ханш 2850 болтлоо 2.6 дахин өссөн. Тухайн үед гадаадын бүх зээл тусламж зогссон учраас Германы банкны зээлийг дахин санхүүжүүлэх, төслийн хоёрдугаар үе шатаа хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас зээл авах хүсэлтээ өгсөн. Энэ байдаг л механизм. Бид 2017 оны гуравдугаар сарын 10-нд 25 сая ам.долларын зээлийн хүсэлтийг гаргасан.
Ойролцоогоор таван сарын судалгаа хийж, наймдугаар сарын 25-нд ТУЗ-ийн шийдвэр 21 сая ам.доллараар гарсан. Тус оны есдүгээр сарын 12-нд зээлийн гэрээ байгуулж, олголт эхэлсэн. Нөхцөл нь 10 жилийн хугацаатай 2027 хүртэл найман хувийн хүүтэй, ам.доллараар олгосон зээл.
Өндөгний төсөл гурван үе шаттай, 10 дэд хэсгээс бүрдсэн. Хоёрдугаар үе шатын дөрвөн дэд хэсгийг бүрэн санхүүжүүлэх, зээлийн 50 хувьд Германы Хөгжлийн банкны зээлийг дахин санхүүжүүлэх зорилготой. Энэ төсөл 2022 онд дууссан. Цар тахлын үеэр зээл төлөлтөд доголдол үүссэн хэдий ч бүтээн байгуулалт зогсоогүй. Энэ төсөл үр дүнгээ үзүүлсэн, ашигтай төсөл.
Нэгдүгээрт, хоёр жолоочоор дамжуулж, УИХ-ын гишүүнд мөнгө өгсөн гэж буруутгасан. Энэ бол 100 хувь гүтгэлэг. Тийм зүйл байхгүй. Хоёрдугаарт, ТУЗ-ийн даргад түрийвч бэлэглэсэн гэжээ. Үүнийг бас хүлээн зөвшөөрөөгүй. Тэр хүнийг өнгөрсөн долоо хоногт анх удаа мэдүүлэг өгөх үеэр харсан. Гуравдугаарт, барьцаа хөрөнгө хүрэхгүй, байгаль орчны үнэлгээ байхгүй, алдагдалтай ажиллаж байсан гэж дүгнэсэн. Алдагдалтай ажиллах тухайд 2016, 2017 онд ажиллаж байсан. Тэр үед улс даяараа эдийн засгийн хүндрэлтэй байдалд байсан. Цаг хугацааны л асуудал. Харьцангуй ойлголт. Байгаль орчны үнэлгээ байхгүй гэдэг дээр шинжээч алдаа гаргасан байж магадгүй. Нарийвчилсан үнэлгээ байсан. Хөгжлийн банкнаас зээл авахад төслийн нэгдүгээр үе шат бүрэн хэрэгжсэн байсан. Энэ бол хангалттай барьцаа хөрөнгө. Хоёрдугаарт, 2014 онд төслийн нээлт дээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирж, урам өгч байсан. Хоёрдугаар үе шат дууссаны дараа бүх хөрөнгийг барьцаалсан. Олон улсын байгууллагаар бизнес үнэлгээг хийлгэж, Хөгжлийн банкнаас авсан зээлээс гурав дахин их үнэлгээтэй байсан. Өөр нэг жишээ гэвэл Японы номер нэг шувууны аж ахуй эрхэлдэг компани Сингапур улсад 2022 онд манайхтай адил төслийг эхлүүлсэн. Ирэх 2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Энэ үйлдвэрт 100 сая ам.долларын хөрөнгө оруулж байгаа. Ийм үед барьцаа хөрөнгө хүрэхгүй гэдэг нь учир дутагдалтай байх. Зориулалтын бусаар ашиглаж, мөнгө угаасан гэж буруутгасан. Олгосон зээлийн 50 хувийг дахин санхүүжилт, 50 хувийг төслийн хоёрдугаар үе шатанд л зарцуулж дуусгасан. Өнөөдөр төслийн гурав дахь үе шат хэрэгжих гэж байна. Шувууны тоо нэг сая хүрэх гэж байна. Өдөрт 600 мянга, жилд 200 сая өндөг үйлдвэрлэж байна. Өндөгний хэрэглээний 50 хувийг Хөгжлийн банкны зээл авснаар хангаж, 500 хүн орон нутагт ажиллаж байна. Жилд 10 орчим тэрбумын татварын орлого оруулж байна. Энэ бол үр дүнгээ өгсөн төсөл” гэсэн бол.
Шүүгдэгч УИХ”ын гишүүн Ё.Баатарбилэг “Улс даяар цоллогдож, урт хугацаанд үргэлжилсэн хэрэгт буруутгагдаж, нэр холбогдлоо. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх нь зүйтэй гэж бодож байна. Намайг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд АТГ-аас дуудсан. Надаас өмнө нь нэг ч удаа мэдүүлэг авалгүйгээр шууд яллагдагчаар татах дүгнэлтийг танилцуулсан. Энэ хугацаанд 10 гаруй удаа АТГ-т очиж дуудсан цагт нь шаардсан материалыг гаргаж, мөрдөх байгууллагын шаардлагыг биелүүлсэн. Өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сарын 3-нд АТГ-аас надад холбогдуулсан хэргийн материал танилцуулсан хуудаст гарын үсэг зуруулсан. Өнгөрсөн хугацаанд ямар ч байсан шүүхийн байгууллагын тавьсан шаардлагыг УИХ-ын бүрэн эрх гэж хаацайлалгүйгээр иргэний үүргээ биелүүлж ирсэн. Сүрхий дарамтад оруулдаг юм билээ. Амаргүй цаг хугацаа байлаа. Дуудсан цагт нь очоод байхад л мэдэгдэх хуудас өгөөд байдаг юм билээ. Уг нь ингэх ёсгүй гэдгийг өмгөөлөгч хэлж буй. Хуулийн байгууллагаас үндэслэлгүй хөрөнгөжсөн, “НВЦ” компанид давуу эрх олгоход нөлөөлсөн гэж буруутгаж байгаа. Би өөрийгөө гэм буруугүйг нотлох үүрэг хүлээгээгүй ч мэдээлэл өгье. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг намайг хөрөнгө орлого нь 388 сая төгрөгөөр нэмэгдсэнээ тайлбарлаж чадахгүй байгаа гэсэн. Би Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, олон хоног өнгөрлөө. Банк санхүүгийн өргөн мэдлэгтэй болж байх шиг байна. Бизнесменүүд ямар их дарамт дор ажилладаг юм бэ гэдгийг ойлгож мэдэрч байна. Би өөрөө бизнесээс холдоод удаж буй. Би 2007 онд АТГ анх байгуулагдсан цагаас ХОМ-ээ бөглөж байгаа. Жил бүр хугацаандаа мэдүүлж ирсэн.
2007 оноос ХОМ-ийг хараад үзээсэй. Анх АНУ-аас автомашин импортлох ажлыг найзуудтайгаа хийдэг байсан. Тухайн үед хоёр ширхэг орон сууц, нэг жийп машинтай гэж мэдүүлж байж. Одоо 15 жилийн дараа хоёр орон сууц, нэг жийп машинтай л байна.
Өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сарын 29-нд АНУ-д сургуульд сурах гэж байсныг АТГ-аас дуудсан. Улсын ерөнхий прокурорын орлогч н.Эрдэнэбат гэж хүн надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байсан. Тэр үед АТГ-ын гүйцэтгэх ажилчид хот болон Архангай аймаг дахь хоёр орон сууцанд нэгжлэг хийж байсан. Тэгээд зургадугаар сарын 28-нд Зүүнхараагийн мөрдөнд хоёр сар хорьсоны дараа сулласан. Тэр үед Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байсан юм билээ. Маргааш нь сонгуулийн дүн гарсны дараа намайг суллаж байсан. Тэр үед баахан аймгийн дарга нарын хэрэг гээд хэсэг явсан. Энэ хууль хяналтын байгууллагаар дамжиж, улстөрчдийг ялладаг асуудал тэр үед эхэлсэн юм.
Өнгөрсөн 2006, 2007 онд Шинжлэх ухааны академийн хээрийн судалгаагаар эрдэмтэн судлаачид ажилласантай холбогдуулж, Н.Энхбаяр даргын шадар туслах байсан гэдэгтэй холбогдуулсан юм уу намайг шалгасан юм шиг байна лээ. Машин тэрэг, орон сууц авсан аваагүй гэдэг дээр нэмэлт тайлбар хэлсэн байгаа. Би чинь хуучин л машин авдаг. Шинэ машин авч чадахгүй. Би 2008 оны “Лексус-570” маркийн машин унадаг байсныг 2017 онд 133 сая төгрөгөөр 2014 оны “Лексус-570” маркийн машин авсан. Тэрийг 100 сая төгрөгөөр авсан гэж худал мэдээлсэн гэж хавтаст хэрэгт бичжээ. Ах дүү, найз нөхдийн хоорондын өр төлбөрийн асуудал байгаа. Надтай хамаатуулаад бичсэн л байн лээ. УИХ-аас орон сууцны дэмжлэг хүссэн тухай огт оруулаагүй байлаа. Өнөөдөр төрсөн дүү, хүргэн хоёрыг хэрэгт татсан байсан. Ц.Баатарбилэг бид хоёр олон жил нөхөрлөж байгаа. 1990-ээд оны сүүлээс найзалж буй. Дараагаар нь JCI төрийн бус байгууллага хамтран байгуулсан. Мундаг бизнесмен гэж хардаг. Бидэнд өөрсдийн баримталдаг зарчим гэж бий. Ийм том бүтээн байгуулалт хийж, өндөгний хэрэглээг хангаж байна. Найз нөхөд болгоноор хардаж, холбоод байвал хэцүү шүү дээ. Би 2017 онд сайд дарга байгаагүй. УИХ-ын ХОМ-ийг УИХ өөрөө хянаж шалгадаг дүрэмтэй. АТГ-аас шалгадаггүй. Одоо “НВЦ” компанитай холбоотой асуудалд хоёр жолоочоор мөнгө дамжуулсан гэж ярьж буй. Энэ ийм учиртай юм. Би 2016 онд нэг хүү маань эмчилгээ хийлгэх шаардлагатай болж, 2017 оны долдугаар сар хүртэл хоёр, гурван удаа Япон руу явсан. Одоо эрүүл саруул болсон. Тэр үед “JCI” байгууллагын бизнесмен найзууд 20 хэдэн сая төгрөг бөөгнүүлж өгсөн. Би эмчилгээний төлбөрийн баримтаа хавсаргасан. Тэрийг л манай жолоочид өгсөн гээд орхиод явсан. Манай хандив өгсөн найзууд мэдүүлэг өгсөн байсан ч огт дурдаагүй яллах дүгнэлт гаргасан байна лээ. Жолооч нарынх нь мэдүүлэг дандаа зөрсөн” гэлээ.