Өнөөдрийн байдлаар 46 аж ахуйн нэгж хар жагсаалтад орсон гэв

2023-04-25

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Төсвийн хөрөнгөөр ажил хийх сонгон шалгаруулалтад ялчихаад алга болчихдог компани байна. Манай тойрогт л гэхэд Халиун, Алтай суманд цэцэрлэг барихаар шалгарсан компани алга болсон. Нэг нь бүр 2017 онд алга болсон. Худалдан авах ажиллагааны газарт хандахаар “Бид нар захиалагчид нь бичиг явуулсан” гэдэг. Захиалагчид нь хандахаар “Хар жагсаалтад оруулсан” гэдэг. Үүний араас хэн хөөцөлдөх вэ. Захиалагч нь гэхээр Боловсрол, шинжлэх ухааны яам ийм зүйлийн араас явдаггүй юм билээ.  Бичиг өгөөд л орхичихдог. Үүнийг яаж зохицуулах вэ?” гэж асуув.

Харин Худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул “Хуулиараа захиалагч нь гэрээнийхээ хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Халиун, Алтай суманд цэцэрлэг барихаар шалгарсан компани бол “Баян Могд” гэдэг компани. Энэ компанийг хар жагсаалтад оруулсан. Дахиж тендерт оролцохгүй байгаа. Өнөөдрийн байдлаар 46 аж ахуйн нэгж хар жагсаалтад орсон” гэлээ.

Холбоотой мэдээ